Ираны дайн эхэлснээс хойш цэргийн алба хаагчдын дунд Трампыг дэмжих нь буурчээ
Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн дэмжлэг идэвхтэй алба хаагчдын дунд үүнээс ч огцом буурчээ.

2 дугаар сарын 28-нд Ираны дайн эхэлсэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд идэвхтэй алба хааж буй АНУ-ын цэргийн алба хаагчдын дунд Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурь суларсан гэж Ньюсвик сэтгүүл цэргийн санал асуулгуудыг судлаад дүгнэжээ.
Коммон Дифенс байгууллагын 10 дугаар сарын 19-нд нийтэлсэн судалгаагаар, идэвхтэй алба хаагчдын 49 хувь Трампыг дэмжээгүй, 42 хувь дэмжсэн тул цэвэр үнэлгээ нь сөрөг 7 болжээ. 2025 оны 8 дугаар сард 440 алба хаагчаас авсан судалгаагаар энэ үзүүлэлт 53, 41 хувиар эерэг 12 байсан юм.
Батлан хамгаалахын сайд Пит Хегсетийн үнэлгээ ч мөн буурч, 2025 онд 47 хувь дэмжиж, 41 хувь эсэргүүцсэн эерэг 6-аас 2026 онд 38 хувь дэмжиж, 54 хувь эсэргүүцсэн сөрөг 16 болжээ.
Санал асуулга 19 оноогоор буурсан шалтгааныг тогтоогоогүй ч “Цэргийнхэн, ахмад дайчид, цэргийн гэр бүлийнхэн энгийн иргэдийн дунд гарч буй үзэл бодлын хэлбэлзлийг дагадаг ч илүү консерватив байх хандлагатай” гэж Дьюкийн их сургуулийн профессор Питер Фивер Ньюсвикт хэлжээ. Түүний үзэж буйгаар, Ираны дайн засаг захиргааны хүлээж байсан шиг явагдаагүй нь нөлөөлж магадгүй аж.
Бүлгүүдийн үзэл бодол эрс ялгаатай байна. 2026 оны судалгаанд оролцсон 731 хүний 47 хувь Трампыг дэмжиж, 50 хувь дэмжээгүй бол ахмад дайчдын 54 хувь дэмжиж, 44 хувь дэмжээгүй байна.
Дайныг ахмад дайчдын 53 хувь дэмжиж, 44 хувь эсэргүүцсэн бол идэвхтэй алба хаагчдын 48 хувь эсэргүүцэж, 32 хувь дэмжсэн байна.
Харин дайн эхлэх үед Расмуссен Рипортс, Ветеран Экшн бүлгийн 2 дугаар сарын 27-ноос 3 дугаар сарын 17-ны хооронд явуулсан, арга зүйн хувьд өөр санал асуулгаар цэргийн сонгогчдын 60 хувь Трампын ажлыг, 61 хувь Ираны эсрэг цэргийн ажиллагааг дэмжиж байжээ.
Коммон Дифенс прогрессив бодлогыг дэмжиж, Ардчилсан намын нэр дэвшигчдийг дэмждэг байгууллага бөгөөд 2026 оны судалгааны түүврийн 47 хувь Бүгд найрамдах, 35 хувь Ардчилсан намын дэмжигч байжээ.



