Дэлхий

Ираны ГХЯ: Тегеран, Вашингтон хоёр цөмийн хөтөлбөрийн асуудлыг одоогоор хэлэлцээгүй байна

АНУ хэлэлцээний явцад Иран руу хоёр удаа довтолж, яриа хэлэлцээ хийх боломжийг алдагдуулсан гэж Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи мэдэгджээ.

Интерфакс2 мин унших

Зураг: Интерфакс

Тегеран, Вашингтоны хоорондын харилцаанд Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудал одоогоор хөндөгдөөгүй байна гэж Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Исмаил Багаи арваннэгдүгээр сарын 15-ны ням гарагт мэдэгдлээ.

“Үгүй, бид одоогоор харилцааны ийм шатанд огт хүрээгүй байна. Энэ хугацаанд цөмийн асуудлаар бид ямар нэг яриа хэлэлцээ хийгээгүй” гэж Багаи хэлснийг Al Jazeera мэдээлжээ. Тэрбээр АНУ-тай байгуулж болох хэлэлцээрийн хүрээнд Иран ураныг баяжуулахаа түр зогсоох эсвэл баяжуулалтын түвшинг бууруулахыг зөвшөөрөх эсэх талаарх асуултад ингэж хариулсан байна.

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээнд Иран нэгдэн орсноор уран баяжуулах, энхийн зорилгоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрх нь баталгаажсан гэж тэрбээр онцолжээ. Иран Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) өмнө хүлээсэн үүргээ түдгэлзүүлээгүй ч бүс нутгийн мөргөлдөөний улмаас хамтын ажиллагааг ихээхэн хэмжээгээр түр зогсооход хүрсэн гэж Багаи тодруулав.

ОУАЭА-ийн ажилтнууд Иран, Оросын хоорондын хэлэлцээр болон Ираны агентлагтай байгуулсан баталгааны хэлэлцээрийн дагуу Бушер атомын цахилгаан станцад үе үе шалгалт хийдэг гэж тэрбээр тайлбарлажээ.

АНУ хэлэлцээний явцад Иран руу хоёр удаа довтолж, яриа хэлэлцээ хийх боломжийг алдагдуулсан гэж Багаи мөн хэлжээ. Иран, АНУ зургаадугаар сард байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг хоёр долоо хоног ч үйлчилж чадаагүй гэж тэрбээр хэлсэн байна.

Багаи мөн Персийн булангийн орнуудыг АНУ Иран руу хийсэн довтолгоог дэмжсэн гэж буруутгаж, Ираны эрх баригчид ийм тохиолдлуудыг баримтжуулж байгааг онцлов. Иран өөрийгөө хамгаалах эрхийн тухай НҮБ-ын дүрмийн 51 дүгээр зүйлийг зөрчихгүйгээр хариу цохилт өгч байгаа бөгөөд бусад улсын бүрэн эрхэд халдахгүй гэж тэрбээр нэмжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Вашингтонд Ирантай гэрээ байгуулах шаардлага байхаа больсон гэж мэдэгдсэн. Гэвч АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлал Израильд Ирантай байлдааны ажиллагааг сэргээхэд бэлтгэхийг хүссэн гэх хэвлэлийн мэдээллийг үгүйсгэжээ.

Бусад мэдээ