Israel Hayom: Иран Трампыг хөнөөхөөр төлөвлөж байгааг Моссад ТТГ-т анхааруулжээ
Иран заналхийлж буй энэ үед АНУ-ын өндөр албан тушаалтнуудыг гэрээс нь хамгаалалттай байгууламжид шилжүүлжээ.

Иран АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргааны өндөр албан тушаалтнууд руу халдах, тэр дундаа нисгэгчгүй онгоц ашиглах санаатай байгааг Израилийн Моссад тагнуулын алба АНУ-ын Тагнуулын төв газарт (ТТГ) анхааруулжээ. Энэ тухай Израилийн Israel Hayom сонин Израиль, АНУ-ын өндөр албан тушаалтнуудаас иш татан мэдээлэв.
Тус сонины мэдээлснээр эдгээр мэдээллийг барууны өөр нэг тагнуулын байгууллага ч баталжээ. Израиль АНУ-ын тагнуулын албаны хүсэлтээр мэдээллийг шалгасан бөгөөд АНУ-д айлчилж буй Моссадын дарга Роман Гофман ТТГ-ын дарга Жон Рэтклиффтэй уулзсан байна.
Сүрдүүлэг гарсан энэ үед АНУ-д аюулгүй байдлын арга хэмжээг эрс чангатгажээ. Өндөр албан тушаалтнуудыг гэрээс нь хамгаалалттай байгууламжид шилжүүлж, ил задгай газар олон нийтийн өмнө гарах явдлыг нь цөөрүүлсэн байна.
Fox News телевизийн мэдээлснээр, Сангийн сайд Скотт Бессентийг Вашингтоны Жоржтаун дахь гэрээс нь хамгаалалттай цэргийн баазад шилжүүлжээ. Тэрбээр Иранд тавьсан хориг арга хэмжээг хариуцдаг бөгөөд Ираны дэглэмд эдийн засгийн дарамт үзүүлэх ажлын гол хөтлөгч гэгддэг. Ираны талаас өөрийнх нь амь насанд заналхийлж байгааг Бессент CNBC телевизийн нэвтрүүлэгт хэлсэн юм. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет нар ч хамгаалалттай байгууламжид байгаа аж.
Трампыг олон нийтийн өмнө гарах үед нисгэгчгүй онгоцны аюулыг саармагжуулах систем зэрэг тусгай арга хэмжээ нэвтрүүлжээ. Трамп Тегерантай хийх хэлэлцээрт хандах байр сууриа өөрчилсөн гол шалтгаануудын нэг нь Ираны сүрдүүлэг гэж өндөр албан тушаалтнууд мэдэгджээ.
Трамп арваннэгдүгээр сарын 12-нд нийтэлсэн мэдэгдэлдээ Ардчилсан намынхны удирддаг хот, мужуудад авлига, гэмт хэрэгтэй тэмцэхэд “бүх анхаарлаа бүрэн” хандуулахыг Дэд ерөнхийлөгчөөс хүссэн байна. Трампын хэлснээр АНУ-д Ирантай гэрээ байгуулах шаардлага байхаа больжээ. АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Ираны өндөр албан тушаалтнуудтай шууд уулзалт зохион байгуулахыг оролдсон гэх мэдээлэл гарсны маргааш энэ мэдэгдэл гарчээ. Эцэст нь Трамп Вэнсийг хэлэлцээрээс хөндийрүүлсэн байна.
Трамп арваннэгдүгээр сарын 11-нд хэлэхдээ, АНУ Ираны нутаг дэвсгэрт дахин цохилт өгөх шаардлагагүй болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тегеран 1979 оноос хойш Вашингтоны эсрэг дайн хийж байгаа тул АНУ Ирантай дайн эхлүүлээгүй гэж тэрбээр хэлжээ.
АНУ Ирантай хэлэлцээр байгуулахад бэлэн ч Тегераны одоо тавьж буй нөхцөлийг Америкийн тал ноцтой бус, утгагүй гэж үзэж байгааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио арваннэгдүгээр сарын 10-нд хэлсэн байна. Мөн Вашингтонд Ирантай дахин байлдах эсвэл Тегераны шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс өөр хувилбар бий гэж тэрбээр хэлжээ. Reuters агентлагийн эх сурвалжийн хэлснээр Рубио Иранд эдийн засгийн дарамт үргэлжлүүлэхийг дэмжсэн байна.



