Дэлхий

Италийн радикал марксист Улаан бригадын хуучин гишүүн Аргентинд гэрийн хорионоос оргожээ

Аргентины эрх баригчид Италид шилжүүлэгдэхийг хүлээж байсан 74 настай оргодлыг олоход туслах мэдээлэлд шагнал амлажээ.

The GuardianAFP2 мин унших

Зураг: The Guardian

Италийн радикал марксист Улаан бригад бүлэглэлийн 74 настай хуучин гишүүн Леонардо Бертулацци Аргентинд гэрийн хорионоос оргосныг Аргентины Аюулгүй байдлын яам Лхагва гарагт баталжээ. Энэ тухай Гардиан сонин мэдээлэв.

Аргентины эрх баригчид түүнийг 27 жилийн хорих ял эдлүүлэхээр Италид шилжүүлэн өгөхийг хүлээлгэж, 2024 онд Буэнос-Айрес хотод гэрийн хорионд байлгасан юм. Тэрбээр хорлон сүйтгэх холбоонд элсэж, зэвсэгт бүлэгт харьяалагдаж байсан хэргээр 1987 онд энэ ялыг авчээ.

Олон жил оргон зайлж явсан Бертулаццийг Аргентины эрх баригчид анх 2002 онд баривчилсан. Тэрбээр хэдэн сарын дараа суллагдаж, 2004 онд дүрвэгчийн статус авчээ. Гэвч уг статусыг нь хүчингүй болгосны дараа 2024 онд дахин баривчлагдсан байна.

Аргентины Аюулгүй байдлын яам Лхагва гарагт Бертулаццийг дахин баривчлахад хүргэх мэдээлэл өгсөн хүнд 13000 ам.доллар олгохоо зарлажээ.

Оргодол Улаан бригадад өндөр албан тушаал хашиж байжээ. Радикал марксист энэ байгууллага Италийн “Тугалган жилүүд” гэгддэг 1969 оноос 1980 он хүртэлх хугацаанд олон халдлага үйлдсэн юм. Тус бүлэглэл 1978 онд Ерөнхий сайд асан Альдо Морог хулгайлж, хөнөөсөн хэргээрээ хамгийн их алдартай.

Орон нутгийн хэвлэлүүд Бертулацци нийслэл дэх байрнаасаа хэрхэн оргосон талаар шуугиан дэгдээн бичиж байгаа ч эрх баригчид эдгээр мэдээллийн алийг нь ч батлаагүй байна. Хэвлэлүүдийн бичсэнээр, тэрбээр тав дахь давхрын тагтнаас оосор ашиглан доош бууж зугтжээ.

Цагдаа нар түүний шагайнд зүүсэн хяналтын төхөөрөмж хөдөлгөөний мэдээлэл дамжуулахаа больсныг анзаарч, гэрт нь очжээ. Төхөөрөмж хаягдсан байсан бөгөөд Бертулацци өөрөө алга болсон байв.

Аргентины Дээд шүүх түүний эцсийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосны дараа тус улс 2025 оны 7 дугаар сард Бертулаццийг Италид шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн юм.

Бусад мэдээ