Яаралтай арга хэмжээ авахгүй бол “бидний мэдэх ертөнц дуусна” гэж Маршаллын арлуудын ерөнхийлөгч анхааруулжээ
Дэлхийн дулаарал 1.5 хэмийн зорилтоос давбал давалгаа эргийг элээж, хот суурин, сургууль, эмнэлгийг үер сүйтгэнэ гэж Хилда Хайне хэлжээ.

Уур амьсгалын хямралд маш хүчтэй хариу арга хэмжээ авахгүй бол “бидний мэдэх ертөнц дуусна” гэж Маршаллын арлуудын ерөнхийлөгч Хилда Хайне Туркт болж буй НҮБ-ын уур амьсгалын бага хурлын үеэр анхааруулсныг Гардиан сонин мэдээлжээ.
Номхон далайн арлын цөөн удирдагчдын нэг Хайне Лхагва гарагт сэтгэл хөдлөм үг хэлж, төрөлх арлынхаа усан доор 7 дугаар сард харсан тод өнгөт шүрэн хэдхэн сарын дараа цайрсныг дурджээ.
Барбадосын Ерөнхий сайд Миа Моттли Парисын хэлэлцээрээс хойш ялгарлыг хязгаарлахыг хангалттай хичээгээгүй засгийн газруудыг шүүмжилжээ. НҮБ-ын тооцоогоор бүх амлалт биелсэн ч дэлхий 2.6 хэмээр дулаарах бөгөөд одоогийн бодлогоор 2.8 хэмд хүрнэ гэж тэрбээр хэлжээ.
Удахгүй албан тушаалаа орхих НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш газрын тос, байгалийн хийн компаниудыг шинжлэх ухааныг гажуудуулж, уур амьсгалын арга хэмжээг хойшлуулсан гэж буруутгаад, Ираны дайнаас олсон их хэмжээний илүүдэл ашигт нь татвар ногдуулахыг уриалжээ.
“Чулуужсан түлш үлэг гүрвэлүүдийн замаар явах ёстой. Үлэг гүрвэлүүдэд лобби байгаагүй, харин чулуужсан түлшинд лобби бий” гэж Гутерриш хэлжээ.
Бага хурлыг Австралитай хамтран зохион байгуулж буй Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган уг хурлыг уур амьсгалын хямралын эргэлтийн цэг болгохыг уриалсан ч Даваа гарагт хоёр шинэ газрын тосны орд нээгдсэнийг сайшаан зарлажээ.
НҮБ-ын мэдээгээр 91 улсын удирдагч оролцсон ч АНУ-ын Дональд Трамп, Хятадын Ши Жиньпин зэрэг томоохон удирдагчид ирээгүй байна.



