Израиль улс Францын хэт зүүний улс төрч Жан-Люк Меланшоныг нутагтаа оруулахгүй гэв

Францын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэт зүүний удирдагч Жан-Люк Меланшон сонгогдвол Газ руу тусламжийг хүчээр оруулах идэвхтнүүдийг Францын хөлөг онгоцууд дагалдана гэж амласны дараа Израилийн засгийн газар түүнийг нутагтаа оруулахгүй гэдгээ пүрэв гарагт мэдэгдлээ.
“Израиль өөрт хор хөнөөл учруулахыг оролдогчдод хатуу хариу өгөх бөгөөд Израилийн эсрэг үйл ажиллагаа явуулж, иргэдийн нь эсрэг өдөөн турхирдаг хүмүүсийг нутагтаа оруулахгүй” гэж Израилийн Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурджээ.
Израиль мөн Меланшоны Дийлдэшгүй Франц намын парламент дахь бүлгийн дарга Матильд Паног оруулахгүй гэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Франц эзлэгдсэн Баруун эрэг дэх суурингуудыг төлөөлдөг байгууллагын тэргүүнийг нутагтаа оруулахаас татгалзсанаа баталсан юм.
Израилийг хатуу шүүмжилдэг, тус улсад айлчлах төлөвлөгөөгүй бололтой Меланшон бямба гарагт хэлсэн үгэндээ хэрэв сонгогдвол Франц Газ болон Баруун эрэгт “палестинчуудыг дэмжиж шууд арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн байна.
“Итали, Испанийн хөлөг онгоцны адилаар Францын хөлөг онгоцууд ард түмний эрхийг хамгаалахаар хөдөлсөн иргэдийн флотилийг шаардлагатай бол дагалдан хамгаална” гэж тэрбээр хэлжээ.
Хамас 2007 онд засгийн эрхийг авснаас хойш Израиль Газыг бүслэн хааж ирсэн. 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас Израилийн эсрэг урьд өмнө байгаагүй халдлага үйлдэж, Израиль их хэмжээний цэргийн ажиллагаа эхэлснээс хойш нэвтрэх цэгүүдийг бүр ч хатуу хянаж байна.
Хэд хэдэн флотили Израилийн бүслэлтийг нэвтлэхийг оролдсон. Энэ оны эхээр саатуулагдсан нэгэн флотилийн зарим идэвхтэн хоригдож байхад нь Израилийн эрх баригчид бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж мэдэгдсэн ч Израилийн засгийн газар үүнийг үгүйсгэжээ.
Өмнө нь Лондон суурингийн бүтээгдэхүүнд хориг арга хэмжээ авсны дараа Израиль тус улсыг шүүмжилдэг Жереми Корбин зэрэг Их Британийн зүүний хэд хэдэн хууль тогтоогчийг нутагтаа оруулахыг хориглож байсан.



