Тайландын Гадаад хэргийн сайд: Дүрэмд суурилсан олон улсын дэг журам нурж байна
Тайланд АНУ, Хятадын аль нэгийн талд орохгүй, харин тэнцвэртэй байр суурь баримтлахыг эрмэлзэж байна.

Дүрэмд суурилсан олон улсын дэг журам нурж буй өнөө үед хэн ч ганцаараа юу ч хийж чадахгүй тул олон талт хамтын ажиллагааг сэргээх хэрэгтэй гэж Тайландын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Сихасак Пуангкеткео Euronews-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Гадаад хэргийн яаманд 40 гаруй жил ажилласан туршлагатай тус дипломатч “дэлхийн гол өрсөлдөөн нь Тайландын найз болох хоёр их гүрний хооронд өрнөж байгаа” гэж хэлээд, ийм үед Тайланд АНУ, Хятадтай тэнцвэртэй харилцаа тогтоож чадсан тухай ярилаа.
“Найзууд маань биднийг аль нэг талд орохыг албадахгүй байгаасай гэж бид хүсдэг” гэж Сихасак тайлбарлаад, “аль нэг талд орохгүй гэдэг нь төвийг сахина гэсэн үг биш, учир нь төвийг сахих нь заримдаа өөрийн ашиг сонирхолд нийцдэггүй” гэж нэмжээ. Тэрбээр цахилгаан машины салбарт Хятадын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгааг болон бүс нутгийн аюулгүй байдалд АНУ-ын гүйцэтгэж буй үүргийг онцолсон.
Тайланд “геополитикийн хувьд аюулгүй бүс” тул энх тайван, тогтвортой байдлыг хадгалах нь стратегийн зорилт гэж Ерөнхий сайдын орлогч Бангкокт хэлэв.
Тэрбээр Азийн бүс нутгийн тогтвортой байдалд Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо чухал үүрэг гүйцэтгэдгийг онцоллоо. Тайланд Камбожтой харилцаагаа сэргээхэд бэлэн бөгөөд Мьянмартай бүс нутгийн хэмжээнд хэлэлцээг аажмаар сэргээхийг дэмжинэ гэж тэрбээр хэлсэн байна.



