Израилийн сонин: Иран Трампыг хөнөөхөөр төлөвлөж байна гэж Моссад ТТГ-т анхааруулжээ
Сэрэмжлүүлгийн дараа АНУ-ын дээд албан тушаалтнуудын хамгаалалтыг чангатгасан гэж эх сурвалжууд мэдэгджээ.

Иран АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргааны гол албан тушаалтнуудыг хөнөөхөөр төлөвлөж байгааг Израилийн тагнуулын Моссад алба АНУ-ын Тагнуулын төв газарт мэдэгдсэн гэж Израилийн Israel Hayom сонин мэдээлэв. Тус сонин Израиль, АНУ-ын өндөр албан тушаалтнуудыг иш татжээ.
Сонины мэдээлснээр төлөвлөгөөнд тэсрэх бодис ачсан нисгэгчгүй онгоц ашиглах хувилбар ч багтсан байна. Энэ мэдээг Интерфакс агентлаг арваннэгдүгээр сарын 15-нд дамжуулав.
Тэдний хэлснээр энэ сэрэмжлүүлгийн дараа АНУ-ын дээд албан тушаалтнуудын хамгаалалтыг чангатгасан бөгөөд энэ тагнуулын мэдээлэл Тегерантай ямар нэг хэлэлцээр байгуулах магадлалыг улам бууруулжээ.
Моссадын мэдээллийг барууны өөр нэг тагнуулын алба баталсан гэж эх сурвалжууд хэлжээ. Америкийн тал Моссадаас тусламж хүссэний дагуу Израиль энэ мэдээллийг шалгасан байна.
Моссадын захирал Роман Гофман одоогоор АНУ-д айлчилж байгаа бөгөөд ТТГ-ын захирал Жон Рэтклиффтэй ч уулзжээ. Гофман албан тушаалд томилогдсоноосоо хойш АНУ-д олонтаа айлчилж, америк хамтрагч нартайгаа нягт уялдаатай ажиллаж байна.
Засаг захиргааны албан тушаалтнуудад чиглэсэн Ираны заналхийллийн талаар, ялангуяа Израиль, АНУ хамтран явуулсан ажиллагааны үеэр Ираны дээд удирдагч Али Хаменеиг устгасны дараа, Вашингтон аль хэдийн мэдэж байсан гэж нэгэн өндөр албан тушаалтан хэлжээ. Харин шинэ тагнуулын мэдээлэл тэсрэх бодистой дрон ашиглах зэрэг тодорхой, сүүлийн үеийн заналхийллийг харуулж байгаа бөгөөд энэ аргыг хамгаалалтын ердийн хэрэгслээр үр дүнтэй сөрөхөд хэцүү гэж тэрбээр хэлсэн байна.
Эрсдэлд байгаа Америкийн албан тушаалтнууд гадаа болох арга хэмжээнд оролцохоо эрс багасгасан гэж сонин бичжээ. Тэдний зарим нь гэрээсээ хамгаалалттай байгууламж руу түр нүүсэн байна.
Ираны эсрэг хориг арга хэмжээг хариуцдаг Сангийн сайд Скотт Бессентийг Вашингтоны Жоржтаун дүүрэг дэх гэрээс нь хамгаалалттай цэргийн бааз руу нүүлгэсэн гэж Fox News телевиз өмнө нь мэдээлсэн юм.
Тус телевизийн мэдээлснээр, Ирантай хэлэлцээр байгуулахыг тууштай эсэргүүцдэг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиог мөн цэргийн баазын нутаг дэвсгэр дэх аюулгүй орон сууцанд шилжүүлжээ. Пентагоны тэргүүн Пит Хегсет хамгаалалттай цэргийн байгууламжид байгаа аж.
Албан тушаалтнуудын сонинд ярьснаар, АНУ-ын Ерөнхийлөгч олон нийтийн өмнө, тэр дундаа гадаа үг хэлэх үед тусгай хамгаалалтын арга хэмжээ авч байна. Ерөнхийлөгчийн олон нийтийн өмнө гарах тоог эрс цөөрүүлсэн бөгөөд гарах тохиолдолд хамгаалалтыг чангатгаж, нисгэгчгүй онгоцыг саармагжуулах тусгай систем ашиглаж байна.



