Эрчим хүч

Хиймэл оюун ухааны дата төв хөгжүүлэгчид төвийнхөө дэргэд асар олон хийн цахилгаан станц барихаар төлөвлөж байна

Улсын сүлжээнд холбогдохын тулд удаан хүлээх болдог тул хөгжүүлэгчид өөрсдийн чулуужсан түлшний станцаар цахилгаанаа хангахыг зорьж байна.

The GuardianSandra Laville2 мин унших

Зураг: The Guardian

Хиймэл оюун ухааны дата төв хөгжүүлэгчид эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд уур амьсгалд хор хөнөөлтэй байгалийн хийн цахилгаан станцуудыг төвийнхөө дэргэд асар олноор барихаар төлөвлөж байгаа нь шинэ судалгаагаар тогтоогджээ гэж Гардиан сонин мэдээлжээ.

Судалгааны дүнгээр, АНУ, Их Британи болон эх газрын Европт төлөвлөж буй дата төвүүд улсын сүлжээнд холбогдох хугацаа хойшилж байгаа тул нийт 181 гигаватт хүчин чадалтай хийн станц барих санал гаргажээ. Энэ нь Их Британийн цахилгааны оргил ачааллын бараг дөрөв дахин их хэмжээ аж.

Блүүмберг Эн И Эф судалгааны байгууллагын тооцоолсноор, хийн станцуудын 90 хувийг АНУ-д барихаар төлөвлөж байгаа бөгөөд эдгээр төлөвлөгөө хэрэгжвэл тус улсад жил бүр асар их хэмжээний хүлэмжийн хий ялгарна.

Блүүмберг Эн И Эф байгууллагын дата төв, шинэ технологийн хэлтсийн дарга Марк Дэйли хиймэл оюун ухааны онцгой эдийн засгийн нөхцөл нь цахилгааныг хурдан олж авахыг дата төв хөгжүүлэгчдийн хамгийн чухал тэргүүлэх зорилтын нэг болгож байна гэж онцолжээ. “Уур амьсгалд үзүүлэх үр дагавар нь эдгээр байгууламж хэр их цахилгаан хэрэглэхээс гадна сүлжээнүүд тэдгээрийг хэр хурдан холбох, эрчим хүчний системүүд уг хэрэгцээтэй зэрэгцэн илүү цэвэр эх үүсвэр нэмэх эсэхээс хамаарна” гэж тэрбээр хэлжээ.

Тайлангийн таамгаар, 2035 он гэхэд хиймэл оюун ухааны дата төвүүдийн цахилгааны хэрэглээ бараг дөрөв дахин өсөж, 2354 тераватт цагт хүрэх бөгөөд энэ нь дэлхийн цахилгааны хэрэглээний 7 хувьтай тэнцэнэ.

Хөгжүүлэгчид хийн станцаа сүлжээнд холбогдох хүртэл түр ашиглана гэж мэдэгддэг. Гэвч станц ажиллаж эхэлсний дараа эдийн засгийн тооцоо нь хөгжүүлэгчдийг үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхэд хүргэж, чулуужсан түлшнээс урт хугацаанд хамааралтай болгож болзошгүй гэж Дэйли анхааруулжээ. Шинэ дата төвүүдийг сүлжээнд холбох нь илүү тогтвортой сонголт гэж тайланд дурджээ.

Сангийн сайд дата төвийн хувийн хийн станцуудыг илээр дэмжиж байгаа нь цочирдмоор гэж Глобал Экшн План байгууллагын бодлого, кампанит ажлын хэлтсийн дарга Оливер Хэйс шүүмжилжээ. “Эдгээр хийн станц түр зуурынх гэдэгт хэн ч нухацтай итгэдэггүй. Баригдсаных нь дараа олон жилийн турш их хэмжээний ялгарлыг бэхжүүлнэ” гэж тэрбээр хэлэв.

Их Британийн Сангийн сайд Жон Хили дата төвүүдэд түр хугацааны чулуужсан түлшний цахилгаан станцыг төвийн дэргэд барьж, сүлжээнд холбогдох хүртэл ажиллуулахыг зөвшөөрсөн тул ийм жишиг тус улсын олон газарт давтагдах магадлалтай. Бакингемширийн Вапсиз Вуд, Бедфордширийн Квест Парк дата төвүүд өөрийн гэсэн хийн станц барих хүсэлтээ аль хэдийн гаргаад байна.

Бусад мэдээ