Хятад АНУ-ын эсрэг зарим худалдааны арга хэмжээгээ дахин хоёр сараар түдгэлзүүлэв
Ши Жиньпин, Трамп хоёр ирэх долоо хоногт Хятадад болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтаар дахин уулзах төлөвтэй байна.

Хятадын Худалдааны яам 11 дүгээр сарын 9-нд зарим чухал ашигт малтмал болон холбогдох технологийн экспортын хяналтаас чөлөөлөх хугацааг 2027 оны 1 дүгээр сарын 10 хүртэл сунгаснаа мэдэгдсэнийг Дойче Велле радио мэдээлжээ.
Трамп, Ши Жиньпин нар 2025 оны 10 дугаар сард Солонгосын Пусан хотод худалдааны эвлэрлийн гэрээ байгуулж, Трамп тарифаа бууруулахын хариуд Бээжин фентанилийн түүхий эдтэй тэмцэх, шар буурцаг худалдан авах, газрын ховор металлын экспортын хяналтаа зогсоохоор тохирсон юм.
Гэрээний хугацаа 11 дүгээр сарын 10-нд дуусах байсан ч 9 дүгээр сард Ши Жиньпин Вашингтонд айлчлахдаа хоёр орон эвлэрлийн хугацааг хоёр сараар сунгахаар тохирчээ.
Хятад «найдваргүй аж ахуйн нэгжийн жагсаалт»-д орсон АНУ-ын 11 компани, экспортын хяналтын жагсаалт дахь 16 компанид тавьсан хязгаарлалтаа түдгэлзүүлсээр байх юм. Мөн Хятадын боомтод зогсох АНУ-ын хөлөг онгоцноос тусгай боомтын хураамж авахыг түр зогсоосон хэвээр байна.
Хятадын Төрийн зөвлөлийн гаалийн тарифын хороо АНУ-ын бараанд ногдуулсан нэмэгдэл тарифын 24 хувийг түдгэлзүүлсээр, 10 хувийг хэвээр хадгална. Гэхдээ АНУ шинэ тариф ногдуулах бол хариу арга хэмжээгээ өөрчилж болохыг анхааруулжээ.
9 дүгээр сард хоёр тал харилцан 60 тэрбум долларын тарифыг бууруулах санал гаргаж, тус бүр 30 тэрбум долларын импортын барааны тарифыг бууруулахаар ярилцсан ч уг төлөвлөгөөг эцэслээгүй байна.