Дэлхий

Хятадын эрдэмтэд Цинь Шихуаны хүү байж болзошгүй залуугийн царайг сэргээн байгуулжээ

Булшнаас олдсон эдлэл, гавлын ясны шинжилгээ тус залуу хааны гэр бүлийн гишүүн байсныг харуулж байна.

ECNS1 мин унших

Хятадын эрдэмтэд Шэньси мужид орших Цинь Шихуаны бунхны зүүн талын Шанжяо тосгоны дагуул булшинд оршуулсан залуугийн царайг сэргээн байгуулсан гэж И Си Эн Эс сайт мэдээлжээ. Тэрбээр Хятадын анхны эзэн хааны хөвүүдийн нэг байсан гэж үздэг.

Баруун хойд их сургуулийн судлаачид гавал, нүүрний ясыг сэргээн босгох аргаар уг залууг Цинь улсын хааны гэр бүлийн гишүүн байсан байх магадлалтай гэж дүгнэжээ.

Тэрбээр Цинь гүрний (МЭӨ 221-207) хоёр дахь эзэн хаан Цинь Эрши буюу Ин Хухайн тушаасан цэвэрлэгээний үеэр алагдсан байж болзошгүй аж.

Залуу 30 орчим настайдаа нас баржээ. Түүний баруун чамархайн ясанд хүрэл сумны зэв шигдсэн байсан бөгөөд оршуулахаас өмнө толгой, мөчийг нь их биеэс нь салгасан байна.

Сэргээсэн царайд бүйлсэн хэлбэрийн нүд, өндөр хамрын нуруу тодорчээ. Эдгээр нь Түүхч бичигт Цинь Шихуаныг овойсон хамартай, гонзгой нүдтэй гэж тодорхойлсонтой төстэй юм.

Булшнаас алт, мөнгөн эдлэл, хүрэл сэлэм зэрэг өндөр зэрэглэлийн олон эд зүйл олдсон нь тус хүн хааны гэр бүлийнх байсан гэсэн таамгийг улам бататгаж байна.

Бусад мэдээ