Япон үндэсний аюулгүй байдлын стратегидаа Хятадыг «заналхийлэл» бус «сорилт» гэж үлдээхээр судалж байна
Такаичигийн засгийн газар Хятадтай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж, эвслийн түнш намынхаа хатуу саналыг хүлээж авахгүй байх төлөвтэй.

Японы засгийн газар энэ онд шинэчлэх Үндэсний аюулгүй байдлын стратегидаа Хятадыг «хамгийн том стратегийн сорилт» гэж тодорхойлсон одоогийн байр сууриа хадгалж, дайсагнагч орнуудад хэрэглэдэг «заналхийлэл» гэдэг үгийг ашиглахгүй байх асуудлыг судалж эхэлснийг Эр Эф Ай радио мэдээлжээ.
2022 онд шинэчилсэн одоогийн стратегид Хятадын гадаад байр суурь, цэргийн хөдөлгөөн нь Япон болон олон улсын нийгэмд тулгарч буй урьд өмнө байгаагүй хамгийн том стратегийн сорилт гэж заажээ.
Тухайн үед Либерал ардчилсан нам Хятадын цэргийн хөдөлгөөнийг ноцтой заналхийлэл гэж тодорхойлохыг санал болгосон ч Хятадтай сайн харилцаатай эвслийн түнш Комэйто нам сөргөлдөөнийг өдөөнө гэж үзэн татгалзсан байна.
Ерөнхий сайд Такаичигийн засгийн газрын эвслийн түнш Японы шинэчлэлийн нам Хятадыг Хойд Солонгосын адил «ноцтой заналхийлэл» гэж тодорхой бичихийг шаардаж, эрх баригч намын бусад консерватив хүчин ч хатуу байр суурь илэрхийлж байна.
Гэвч Такаичигийн засгийн газар Хятадтай харилцаагаа сайжруулахыг хичээж, дипломат талаар Бээжинг дахин өдөөх шаардлагагүй гэж үзэж байгаа аж.
Ши Жиньпин, Дональд Трамп нар 2026 оны 5 дугаар сард Бээжинд уулзаж, хоёр орны харилцааг бүтээлч, стратегийн тогтвортой харилцаа гэж шинээр тодорхойлсон юм. Такаичи ч 11 дүгээр сарын 6-нд Хятадтай бүтээлч, тогтвортой харилцаа тогтоох хэрэгтэйг онцолжээ.
