Парист Чернобылийн хамгаалалтын бүрээсийг засах хөрөнгө босгох уулзалт болжээ
Оросын дроны цохилтод гэмтсэн бүрээсийг засахад шаардлагатай 500 сая еврогийн тал гаруйг хандивлагчид амласан байна.
Хуучин Чернобылийн атомын цахилгаан станцын хамгаалалтын бүрээсийг засах хөрөнгө босгох уулзалт даваа гарагт Парист болж, хандивлагчид шаардлагатай төсвийн тал гаруйг амласныг Эр Эф Ай радио мэдээлжээ.
Украины засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хамтран зохион байгуулсан уулзалтад Францын Европын асуудал эрхэлсэн сайд Бенжамен Аддад засварт нийт 500 сая евро шаардлагатай гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр одоогоор 15 хандивлагч 278 сая евро амласан бөгөөд бусад хандив ч нэмэгдэж магадгүй аж.
Чернобылийн реактор 1986 оны 4 дүгээр сард дэлбэрсэн бөгөөд 2016 онд 1986 онд яаралтай барьсан анхны бетон хамгаалалтыг бүрхсэн төмөр нуман бүрээс суурилуулжээ. Гэвч 2025 оны 2 дугаар сард Оросын дрон уг бүрээсийг цоолсон юм.
Францын Эдийн засгийн сайд Ролан Лескюрийн хэлснээр Франц урьдчилсан судалгаанд зориулсан 10 сая еврог багтаасан 40 сая евро хандивлахаа амласан байна. АНУ 4 дүгээр сарын сүүлээр 100 сая доллар хүртэлх хөрөнгө гаргахаа мэдэгдэж байжээ.
«Шинэ аюулгүй байдлын бүрээсийг засахгүй бол 1986 оных шиг маш хүнд осол гарах эрсдэл бүрэн бий» гэж Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Одиль Рено-Бассо анхааруулжээ.
Хөрөнгийг ирэх хавраас өмнө бүрдүүлэх ёстой гэж Францын албаныхан онцолж байна.
