Хятад гүний геологийн өрөмдлөгийн хүчин чадлаа 7,000 метрт хүргэжээ
Анхны бүрэн автомат өрмийн машин газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын бүсийн гүнээс дээж авч эхэлжээ.
Хятад геологи, уул уурхайн салбартаа анхны бүрэн автомат өрмийн машиныг ашиглалтад оруулснаар гүний геологийн дээж авах өрөмдлөгийн хүчин чадлаа 7,000 метрт хүргэснийг Шаньдун мужийн Геологи, ашигт малтмалын товчоо Мягмар гарагт мэдэгджээ. Энэ тухай Хятадын И Си Эн Эс сайт мэдээлэв.
Өрмийн машиныг Сычуань мужийн Гардзе-Түвдийн өөртөө засах тойргийн Сяньшуйхэ хагарлын бүсэд байрлах шинжлэх ухааны өрөмдлөгийн талбайд байршуулжээ. Ухаалаг, дижитал, автомат технологийг хослуулсан энэ машины хэд хэдэн технологийг Хятадад анх удаа ашиглаж байгаа юм.
Уг машин нефть, байгалийн хийн ердийн өрөмдлөгийг 5,000 метр хүртэл, утсан дээж авалтыг 7,000 метр хүртэл гүнд хийх чадвартай.
Далайн түвшнээс дээш 4,300 метрт орших Сяньшуйхэ хагарлын бүс нь Чинхай-Түвдийн өндөрлөгийн зүүн захын идэвхтэй газар хөдлөлтийн хагарлын систем юм. Төслийн өрөмдлөгийн төлөвлөсөн гүн 2,800 метр, цооногийн эцсийн диаметр 122 мм-ээс багагүй байх бөгөөд өрөмдлөгийн дараа цооногийг урт хугацааны шинжлэх ухааны хяналтад зориулж хадгална.
Төсөл хагарлын бүсийн гүний бүтэц, бодисын найрлагын талаар шууд нотолгоо гаргаж, газар хөдлөлт үүсэх механизм, гамшгаас сэргийлэх ажил, томоохон дэд бүтцийн төслийн судалгаанд дэмжлэг үзүүлэх төлөвтэй байна.