Хятадын Жэнжоу хотоос Их Британи руу шууд ачаа тээврийн агаарын чиглэл нээгджээ
Шинэ чиглэл тээвэрлэлтийн хугацаа, шилжүүлэх зардлыг бууруулах төлөвтэй байна.
Хятадын Хэнань мужийн Жэнжоу хот, Их Британийн Ист Мидландс нисэх буудлыг холбосон шууд ачаа тээврийн агаарын чиглэл Даваа гарагт нээгджээ гэж И Си Эн Эс сайт мэдээлэв.
Эйр Сентрал Эйрлайнс компанийн Боинг ачааны онгоц Жэнжоу Синьжэн олон улсын нисэх буудлаас хөөрч нислэгийг эхлүүлжээ.
Ист Мидландс бол Их Британийн томоохон шуурхай ачааны төв бөгөөд Ди Эйч Эл компанийн үндэсний төв тэнд байрладаг. Энэ нь Дерби, Ноттингем, Лестер зэрэг үйлдвэр, логистикийн төвүүдэд үйлчилдэг юм.
Буцах нислэгээр Европын барааг Хятад руу илүү ихээр тээвэрлэх төлөвтэй бөгөөд энэ нь Хэнаний импортлогчдод сонголт нэмэх аж.
Эйр Сентрал Эйрлайнс бол Жунъюй Авиаци группын охин компани бөгөөд тус мужид төвтэй цорын ганц ачаа тээврийн компани юм.
Компани сүүлийн жилүүдэд Жэнжоугоос Франкфурт, Брюссель, Льеж, Будапешт руу шууд чиглэл нээжээ. Будапешт, Льеж рүү бие даан хийсэн нислэг 600 шахам болж, нийт 70,000 гаруй тонн ачаа, шуудан тээвэрлэсэн байна.