Хятадын тагнуулч гэгдэх эмэгтэйтэй холбоотой Женсен Хуанаас АНУ-ын хууль тогтоогчид тайлбар шаардаж байна
Төлөөлөгчдийн танхимын гурван хорооны дарга нар Хуаныг арваннэгдүгээр сарын 18-нд хаалттай хуралдаанд мэдээлэл өгөхийг шаарджээ.

Nvidia-гийн гүйцэтгэх захирал асан Женсен Хуан Хятадын тагнуулын ажиллагаанд оролцсон гэж сэжиглэгдэж буй эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан нь АНУ-ын Конгрессын хоёр намынхны анхаарлыг татаж, чипийн экспортын хяналт, үндэсний аюулгүй байдлын асуудал болжээ.
Politico сайтын мэдээлснээр, Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны хороо, Тагнуулын хороо, Хятадын асуудал эрхэлсэн тусгай хорооны Бүгд найрамдах намын дарга нар Хуаныг арваннэгдүгээр сарын 18-нд хаалттай хуралдаанд мэдээлэл өгч, Nvidia-гийн аюулгүй байдлын арга хэмжээ болон уг эмэгтэйтэй ямар харилцаатай байсныг нь тайлбарлахыг шаардаж байна.
Хуаныг албан ёсоор дуудан ирүүлж болохыг ч Гадаад харилцааны хорооны дарга Брайан Маст үгүйсгээгүй байна.
“Үнэн, баримтыг тогтоох нь бидэнд чухал. Тэд ямар нөлөөнд өртсөн бэ гэдгийг хүмүүс асуухаас аргагүй” гэж Хятадын асуудал эрхэлсэн тусгай хорооны дарга Жон Мооленаар хэлжээ.
Хэргийн нөгөө гол хүн бол Хятадын иргэн, бизнес эрхлэгч Алис Хуан юм. AP агентлаг болон New York Times-ийн мэдээлснээр, тэрбээр өмнө нь дата төв, үүлэн тооцооллын үйлчилгээ эрхэлдэг Сингапурын Megaspeed компанид ажиллаж байсан бөгөөд Женсен Хуантай ураг төрлийн холбоогүй аж. АНУ-ын тагнуулынхан түүнийг Хятадын төлөө тагнуул хийж байсан гэж үзсэн гэх мэдээлэл бий.
Megaspeed АНУ-ын экспортын хяналтыг тойрч Nvidia-гийн дэвшилтэт чипийг Хятадын хэрэглэгчдэд их хэмжээгээр дамжуулсан гэж сэжиглэгдэж байна. Уг компани экспортын хяналт зөрчсөн эсэхийг Хууль зүйн яамны үндэсний аюулгүй байдлын хэлтэс шалгаж байгаа бөгөөд Алис Хуан ч шалгалтад хамрагдаж байна гэж нөхцөл байдлыг мэдэх эх сурвалж хэлжээ.
Nvidia-гийн чип Хятад руу дамжуулагдаж болзошгүй тухай хэдэн арван мэдээллийг Худалдааны яамны Аж үйлдвэр, аюулгүй байдлын товчоо сүүлийн саруудад хүлээн авсан ч бодит арга хэмжээ аваагүй гэх мэдээлэл гарчээ. Харин тус байгууллага хуулийн дагуу ажиллаж, чипийн хууль бус наймаатай тэмцэх ажлаа түүхэн дээд түвшинд хүргэсэн гэж товчооны хэвлэлийн төлөөлөгч Томас Вэкман няцаав.
Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Хуантай холбоо барьсан гэдгээ хэлээд, Хуан харилцаж байсан хүнээ тагнуулч гэж сэжиглэгдэж байгааг мэдээгүй гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.
“Тэр хүн нь тагнуулч гэдгийг огт мэдээгүй гэж хэлсэн” гэж Трамп хэлэв. Энэ мэдээллийг хэзээ мэдсэн бэ гэхэд тэрбээр хэн нэгэн хэлсэн байсан ч “надад төдийлөн сэтгэгдэл төрүүлээгүй” гэжээ.
New York Times-ийн мэдээлснээр, Трамп тавдугаар сард Бээжинд очихдоо эцсийн мөчид Хуаныг Ерөнхийлөгчийн онгоцондоо суулгаж авч явжээ. Хуан Хятадын тагнуулч байж болзошгүй хүнтэй холбоотой гэсэн нууц мэдээллийг Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тэр үед Трампад өгсөн байсан гэнэ.
“Тэр яагаад манай үндэсний аюулгүй байдлыг эрсдэлд оруулсан юм бэ? Яагаад Хуаныг Ерөнхийлөгчийн онгоцоор Хятадтай хийх чухал уулзалтад авч явсан бэ? Энэ бол одоо хамгийн яаралтай хариулах ёстой асуулт” гэж Ардчилсан намын сенатор Крис Кунс хэлжээ.
Хоёр намын хууль тогтоогчид жил бүрийн Батлан хамгаалахын эрх олгох хуулиар дамжуулан Хятадад дэвшилтэт хиймэл оюун ухааны чип нийлүүлэх хязгаарлалтыг чангатгахаар ажиллаж байна.
Хуан огцорсны дараа Nvidia-гийн удирдах зөвлөл түүнтэй холбоотой бие даасан шалгалт хийлгэхээр шийдсэн бөгөөд компанийн нууц эсвэл АНУ-ын үндэсний аюулгүй байдал хохирсон гэж “үзэх шалтгаан байхгүй” хэмээн мэдэгджээ. Женсен Хуан гэр бүлээс гадуурх харилцаатай байснаа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан ч Алис Хуан тагнуулч гэсэн мэдээлэлд шууд хариу өгөөгүй байна.
Холбооны мөрдөх товчоо Женсен Хуан болон тагнуулч гэж сэжиглэгдэж буй эмэгтэйн харилцааг шалгаж байгаа эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзжээ. Хятад буруутгалыг “ямар ч үндэслэлгүй” гэж үгүйсгэж, гүтгэлэг гэж шүүмжилжээ.
Женсен Хуан өөрөө хууль зөрчсөн, эсвэл Nvidia-гийн нууц Хятадын гарт орсон гэдгийг нотлох баримт одоогоор олон нийтэд ил болоогүй байна.