Хятадын цаг уурчид энэ удаагийн Эль-Ниньог ажиглалтын түүхэн дэх хамгийн хүчтэй нь гэж мэдэгджээ
Ирэх зун Хятадын зүүн хэсэгт ган гачигаас илүү үер усны эрсдэл давамгайлах төлөвтэй.
Хятадын Үндэсний уур амьсгалын төвийн ахлах прогнозч Жао Жүньху энэ удаагийн Эль-Ниньо үзэгдэл ажиглалт эхэлснээс хойших хамгийн хүчтэй нь гэж 11 дүгээр сарын 3-нд онлайн шууд дамжуулалтаар мэдэгдсэнийг Чайна Ньюс сайт мэдээлжээ.
Түүний хэлснээр 1950 оноос хойш экваторын Номхон далайн төв, зүүн хэсэгт 22 удаа Эль-Ниньо ажиглагдсан бөгөөд энэ жилийнхийг 23 дахь тохиолдол гэж тэрбээр тооцжээ. Өмнө нь хэт хүчтэй Эль-Ниньо ердөө гурван удаа буюу 1982-1983, 1997-1998, 2014-2016 онд тохиож байжээ.
Энэ удаагийн үзэгдэл ердөө таван сарын дотор хэт хүчтэй түвшинд хүрсэн бол өмнөх гурав нь 7-15 орчим сар зарцуулж байжээ.
Үндэсний уур амьсгалын төвийн таамгаар энэ өвөл Хятадын нийт нутгаар агаарын температур ерөнхийдөө хэвийнээс дулаан байх ч хүйтний давалгаа арай олон давтагдана. Хойд хэсэгт огцом хүйтрэлт, цас, өмнөд хэсэгт үе үе хүйтэн бороо, цас, мөсжилтийн эрсдэл өндөр байна.
«Ирэх зун зүүн бүсэд ган гачигаас илүү үер ус ноцтой байж, Хөх мөрний сав газарт хур тунадас мэдэгдэхүйц их орно» гэж Жао Жүньху хэлжээ.
Тэрбээр энэ өвөл заавал дулаан байна гэж ойлгох нь буруу гэдгийг сануулж, 1998 оны 1 дүгээр сар, 2016 оны 1 дүгээр сард хэт хүчтэй хүйтний давалгаа болж байсныг дурджээ. Мөн Эль-Ниньо эрс тэс цаг агаарын магадлалыг нэмэгдүүлдэг ч аадар бороо, халуун, хар салхи бүрийг шууд үүсгэдэггүй гэж тайлбарлажээ.
Энэ зун хар салхи онцгой идэвхтэй байсан. Таамгаар ирэх зун хар салхины тоо харьцангуй цөөн ч хүч нь их, ихэвчлэн баруун тийш хөдөлж Өмнөд Хятадын эрэг орчимд нөлөөлөх төлөвтэй.
