Хятадын цөллөгт сэтгүүлч Чэн Ваньжюнь Тайваньд хүрч, хүмүүнлэгийн хамгаалалт хүсэв
Тайландад аюулгүй байдлын баталгаа аваагүй сэтгүүлч нисэх буудлын хяналтын өрөөнд шийдвэр хүлээж байна.

Цөллөгт буй Хятадын ахмад сэтгүүлч Чэн Ваньжюнь 11 дүгээр сарын 3-нд Тайландаас Тайваний Таоюань нисэх буудалд хүрч, Тайваний засгийн газраас богино хугацааны хүмүүнлэгийн хамгаалалт хүсчээ гэж Чөлөөт Ази радио мэдээлэв.
Тэрбээр Хятадын Хууль ба амьдрал сэтгүүлийн ерөнхий редактор, Хятадын Төв телевизийн хууль зүйн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байжээ. Чэн Ваньжюнь 2019 онд ажлын газартаа Ши Жиньпиний талаар санал бодлоо хэлсний улмаас хэн нэгэн мэдээлж, зургаан жил хоригдсон гэж радиод хэлжээ. Тэрбээр 2025 онд ялаа эдэлж суллагдаад 10 дугаар сарын 14-нд Тайландад очсон гэнэ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын Тайланд дахь газар түүнийг хамгийн өндөр эрсдэлийн зэрэглэлд оруулсан ч аюулгүй байдлыг нь баталж чадахгүй гэж мэдэгдсэн байна. Паспортын виз нь дуусах дөхөж, гадаадын хэвлэлд шоронгийн дурсамжаа нийтэлж улс төрийн хавчлага, улс төрийн хоригдлуудын шоронгийн нууцыг дэлгэсэн тул Хятадын эрх баригчдаас гадаадад хохирол учруулж болзошгүй гэж тэрбээр үзэж байна.
«Хятадын эрх баригчдын дахин улс төрийн хавчлагаас зайлсхийхийн тулд Тайвань руу шилжиж, богино хугацааны хүмүүнлэгийн хамгаалалт хүсэхээс аргагүй боллоо» гэж Чэн Ваньжюнь хэлсэн байна.
Тайваньд дүрвэгчдийн тухай хууль байхгүй тул урт хугацааны орогнол өгөхөд хэцүү гэдгийг мэдэж байгаагаа тэрбээр хэлж, зөвхөн богино хугацааны хамгаалалт авч, өөр улсад суурьшихад туслахыг хүсжээ.
Тайваний Хятадын Ардчилсан Академийн захиргааны гишүүн Цзэн Цзяньюань Чэн Ваньжюнийг сүүлийн жилүүдэд Тайваньд ирсэн тэрс үзэлтнүүдээс Бээжингийн улс төрийн хүрээтэй харьцангуй ойр харьцаж байсан хүн гэж тодорхойлжээ. Түүний явсан нь Хятадад сэхээтэн, соёл, хэвлэл мэдээллийн хяналт чангарч байгааг харуулж байна гэж тэрбээр үзсэн байна.
Цзэн Цзяньюань Тайваний засгийн газрыг улс төрийн хоригдлыг буцаахгүй зарчмаа баримталж, гуравдагч улс хүлээн авах хүртэл Чэн Ваньжюнийг Тайваньд аюулгүй амьдрах боломж олгох улс төрийн шийдвэр гаргахыг уриалсан байна.
«Цагаачлалын алба мэдүүлэг авч, Эх газрын хэргийн зөвлөлд илгээсэн тул шийдвэрийг хүлээж байгаа ч Тайланд руу албадан буцаагдах эрсдэлийг үгүйсгэхгүй» гэж тэрбээр хэлжээ. Одоогоор тэрбээр нисэх буудлын хяналтын өрөөнд байлгагдаж, чөлөөтэй гарч орж чадахгүй байгаа аж.