Кор Уивийн хувьцаа жилийн таамгаа өсгөсний дараа 13 хувиар үсэрчээ
Орлого нь 168 хувиар өссөн нь хиймэл оюуны салбарын удаашралын талаарх болгоомжлолыг сааруулжээ.

Хиймэл оюуны үүлэн тооцооллын Кор Уив компанийн хувьцаа улирлын ашиг таамаглалаас давж, жилийн таамгаа өсгөсний дараа Лхагва гарагийн арилжааны өмнөх үеэр 13 хувиар өсчээ. Энэ тухай Си Эн Би Си мэдээлэв.
Хөрөнгө оруулагчид хиймэл оюуны арилжааны тогтвортой байдлыг үнэлж буй энэ сард Кор Уив, Небиус, Айрен зэрэг үүлэн тооцооллын шинэ үеийн компаниуд анхаарлын төвд орсон юм. Ялангуяа Кор Уивийн дефолтын эрсдэлийн своп хэлцлийн зөрүү 11 хувиас давж, ерөнхийдөө хүнд байдлын түвшин гэж үздэг хэмжээнд хүрсэн нь түгшүүр төрүүлжээ.
Тус компанийн Мягмар гарагийн мэдэгдлээр, гуравдугаар улирлын орлого 168 хувиар өсч, 3.7 тэрбум ам.долларт хүрчээ. Гүйцэтгэх захирал Майкл Интратор 9 дүгээр сарын 30-нд дууссан улирлыг “амжилтын улирал” гэж тодорхойлж, харилцагчийн гэрээгээр баталгаажсан санхүүжилт, 9 тэрбум орчим ам.долларын урьдчилгаа төлбөр, барьцаа зэрэг олон эх үүсвэр өсөлтийг дэмжсэн гэжээ.
Компани жилийн орлого 13 тэрбумаас 13.3 тэрбум ам.доллар, тохируулсан үйл ажиллагааны ашиг 1.275 тэрбумаас 1.375 тэрбум ам.доллар байна гэж таамаглажээ. Шинжээчид 1.07 тэрбум ам.долларын ашиг, 2026 онд 12.86 тэрбум ам.долларын орлого хүлээж байсан юм.
“Энэ нь Кор Уивийн хувьд ёроол байж магадгүй” гэж Закс компанийн хувьцааны ахлах стратегич Жон Бланк хэлжээ. Түүний үзэж буйгаар, компани барьцаагүй бондын санхүүжилтээс татгалзсанаар санхүүжилтийн талаарх болгоомжлолыг сааруулж чадсан байна.
Орон нутгийн цагаар өглөөний 4:18-ийн байдлаар Кор Уивийн хувьцаа 13.2 хувиар дээшилсэн бөгөөд Небиус 11.4, Айрен 7.9 хувиар өссөн байна.



