Квинсландад ахлах ангидаа драмын хичээл заадаг сургууль цөөрч байна
Сурагчид ATAR оноогоо өндөр авахын тулд драмын хичээлээс зайлсхийж байна гэж Drama Queensland холбоо үзэж байна.
Австралийн Квинсланд мужийн ахлах сургуулиудад драмын хичээлд элсэгчдийн тоо эрс буурчээ. Энэ онд ахлах ангидаа драмын хичээл орж буй сургууль ATAR үнэлгээний тогтолцоо нэвтрэхийн өмнөх үеийнхээс 42-оор цөөн байна.
Квинсландын Сургалтын хөтөлбөр, үнэлгээний газрын мэдээллээр 2026 онд 276 сургууль драм эсвэл практик драмын хичээл зааж байгаа бол 2019 онд 318 сургууль заадаг байжээ.
“2019 онд ATAR нэвтэрснээс хойш Квинсландад драмын хичээлд элсэгчид бараг 40 хувиар буурсан” гэж Drama Queensland холбооны ерөнхийлөгч Скотт Эндрюс хэлжээ.
Драмын хичээлийн оноог хэт хатуу хөрвүүлдгээс болж сурагчид ATAR оноогоо өндөр авахын тулд уг хичээлээс татгалзаж байна гэж тэрбээр нэмж хэлжээ. 2025 онд 100 оноо авсан сурагчдын оноо 15 орчмоор буурч, 85 болсон гэж тэрбээр жишээ татсан байна.
Сургуулиуд “ATAR-ын үйлдвэр” болж байна гэж Урлагийн боловсролыг дэмжигчдийн үндэсний холбооны дарга Жон Сондерс үзэж байна. Богино хугацаанд зөвхөн өндөр оноог чухалчилж байгаа нь мужийг ирээдүйн уран бүтээлч, урлагийн ажилчидгүй болгож байна гэж тэрбээр хэлжээ. Олимп болон түүний өмнөх соёлын олимпиадад ур чадвартай ажилчид хэрэгтэй гэж тэрбээр анхааруулав.
Драмын хичээл сурагчдын суралцахуй, бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө илэрхийлэхэд чухал үүрэгтэйг тус газар үнэлдэг гэж Квинсландын Сургалтын хөтөлбөр, үнэлгээний газрын төлөөлөгч мэдэгджээ. Сургуулиуд ахлах ангийн хичээлээ сурагчдын эрэлт, багш байгаа эсэх, нөөцөө харгалзан сонгодог гэж тэрбээр нэмжээ.
Хичээл хоорондын оноог тохируулах нь өөр өөр хичээл судалсан сурагчдыг шударга харьцуулах зорилготой бөгөөд аль нэг хичээлийн үнэ цэнийг хэмждэггүй гэж Квинсландын Дээд боловсролын элсэлтийн төвийн төлөөлөгч тайлбарлажээ. Тус төв удахгүй гарах ATAR-ын судалгааны тайлангийнхаа дэлгэрэнгүйг бэлэн болмогц танилцуулна гэжээ.

