Лавров: Путины тодорхойлсон тусгай ажиллагааны зорилго хэзээ ч өөрчлөгдөөгүй
Хэлэлцээний байр суурь нь Путины 2024 оны зургаадугаар сард тодорхойлсон зорилгод хүрэхэд чиглэнэ гэж Оросын Гадаад хэргийн сайд хэлжээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путины тодорхойлсон тусгай цэргийн ажиллагааны зорилго хэзээ ч өөрчлөгдөөгүй гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Вести” мэдээллийн албаны сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
Түүний хэлснээр, хэлэлцээний байр суурь нь Ерөнхийлөгчийн 2024 оны зургаадугаар сард тодорхойлсон, түүнээс хойш өөрчлөгдөөгүй тусгай ажиллагааны зорилгод хүрэхэд чиглэх аж.
Арваннэгдүгээр сарын 10–11-нд Абу-Дабид болсон Орос, АНУ, Украины гурван талт хэлэлцээгээр Украины асуудлыг шийдвэрлэх, Европын аюулгүй байдлын шинэ бүтцийн талаар ярилцжээ.
Арваннэгдүгээр сарын 12-нд Путин Кремльд АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Жаред Кушнер, Стивен Уиткофф нартай уулзжээ. Талууд гурван талт хэлэлцээг үргэлжлүүлж, Европын аюулгүй байдлын шинэ бүтцийг хамтран боловсруулж эхлэхээр тохиролцсон байна.
Кушнер арваннэгдүгээр сарын 13-нд Украин, Орос хоёр дараагийн шатны хэлэлцээнд Европын талыг оролцуулж, хэлэлцээг өргөжүүлэхээр тохиролцсоныг мэдэгджээ. Москва европчуудын хэлэлцээний багийн талаар болзол тавихгүй гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ.
Путин 2024 оны зургаадугаар сард хэлэхдээ, Орос өөртөө нэгтгэсэн нутаг дэвсгэрээс Украин цэргээ гаргаж, Киев НАТО-д элсэх санаагаасаа татгалзах баталгаа өгөх нь гал зогсоох нөхцөл гэж байсан юм.



