Лавров: Европчууд Украины асуудлаарх хэлэлцээнд “сүүлчийн галт тэргэнд суух”-аар яарч байна

Украины мөргөлдөөний асуудлаарх хэлэлцээнд өөрсдийн галт тэрэг явж одож байгааг Европ ойлгож байна гэж Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Вести” мэдээллийн албаны сэтгүүлч Павел Зарубинд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Европ Украины асуудлаарх хэлэлцээнд оролцож, энэ асуудлыг Оростой шууд хэлэлцэх хүсэлтэй болсныг сайд ингэж тайлбарлав. “Галт тэрэг явж байгааг тэд ойлгож, сүүлийн вагоны гишгүүр дээр үсрэн суух гэж оролдохыг хүсэж байгаа байх” гэж Лавров хэлсэн байна.
Америкийн хэлэлцээч Жаред Кушнер арваннэгдүгээр сарын 13-нд Орос, Украин хоёр дараагийн шатны хэлэлцээнд Европын төлөөлөгчдийг оролцуулж, хэлэлцээг өргөжүүлэхээр тохиролцсон гэж мэдэгдсэн. Түүний хэлснээр, энэ нь Орос, Украины хоорондын нутаг дэвсгэрийн асуудлын зэрэгцээ Европын аюулгүй байдлын ирээдүйн бүтцийг хэлэлцэх боломж олгоно.
Орос Европын орнуудтай хоёр талын яриа хэлэлцээ хийхэд нээлттэй ч ийм хэлэлцээний талаар тодорхой яриа хараахан алга гэж Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн өдөр мэдэгдсэн. Москва Европын хэлэлцээний багийн бүрэлдэхүүнд болзол тавихгүй гэж Кремлийн төлөөлөгч дараа нь нэмж хэлжээ.
Politico арваннэгдүгээр сарын 13-нд мэдээлснээр, Украины асуудлаар Оростой хийх хэлэлцээнд Европын холбоог хэн төлөөлөх вэ гэдгээр холбооны гишүүд гурван бүлэгт хуваагджээ. Тус хэвлэлийн мэдээлснээр эхний бүлэг Европын зөвлөлийн дарга Антониу Коштагийн нэрийг дэмжиж байгаа аж. Хоёрдугаар бүлэгт Европын нэрийн өмнөөс хэлэлцээнд оролцох онцгой эрхийг Брюссельд шилжүүлэхийг хүсэхгүй байгаа Франц, Герман багтжээ. Гуравдугаар бүлэг Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кая Калласыг дэмжиж байгаа аж.



