Ливийн агаарын орон зайгаар нисэхийг хориглосон 2015 оны хоригийг цуцлав
Ливийн Тээврийн яам энэ шийдвэр агаарын хөдөлгөөн, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа ч олон улсын агаарын тээврийн компаниуд нислэг хийх эсэхээ өөрсдөө шийднэ.

Ливийн агаарын орон зайгаар нисэх олон улсын хязгаарлалтыг цуцалсныг тус улсын Тээврийн яам зарласныг Испанийн ЭФЕ агентлагаас уламжлан Интерфакс агентлаг мэдээлэв. Хязгаарлалтыг 2015 онд Ливид мөргөлдөөн эхэлсний дараа тогтоосон юм.
Яамны тодруулснаар, шийдвэрийг 10 дугаар сарын 23-нд Дохад болсон Ойрхи Дорнодын орнуудын иргэний нисэхийн удирдлагын төлөөлөгчдийн уулзалтаар гаргасан бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга хязгаарлалтыг цуцалснаа тэнд зарлажээ.
Тээврийн сайд Мухаммед Шахуби хоригийг цуцалсан нь тус улсын баруун хэсгийг хянадаг Үндэсний эв нэгдлийн засгийн газар, олон улсын байгууллагуудын уялдаа холбоотой ажиллагаа, аюулгүй байдлын стандарт өндөрссөний үр дүн гэж тайлбарлав. Түүний хэлснээр, энэ шийдвэр агаарын хөдөлгөөнийг нэмэгдүүлж, тээврийн хөгжлийг дэмжин, үндэсний орлогыг өсгөж, эдийн засаг, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд мэдэгдэхүйц нөлөөлнө.
Хязгаарлалтыг цуцалсан нь Ливийн иргэний нисэхийн хувьд чухал алхам боловч олон улсын агаарын тээврийн компаниуд аюулгүй байдлын нөхцөл, шаардлагатай зөвшөөрөлд үндэслэн тус улс руу нислэг хийх эсэхээ өөрсдөө шийднэ. ЭФЕ агентлагийн онцолсноор, энэ нь ахиц дэвшил гарсныг харуулж байгаа ч баруун хэсгийг Ерөнхий сайд Абдельхамид Дбейбагийн тэргүүлсэн Үндэсний эв нэгдлийн засгийн газар, зүүн хэсгийг Ливийн үндэсний армийн ерөнхий командлагч, фельдмаршал Халифа Хафтар удирддаг тус улсын улс төрийн тогтворгүй байдлын асуудлыг шийдэхгүй юм.


