Макаогийн ардчилсан хүчний гишүүн асан Ау Кам Санд үндэсний аюулгүй байдлын анхны хэрэгт 12 жил хагасын хорих ял оноожээ
Макаогийн засгийн газар шүүхийн шийдвэрийг хүндэтгэн дэмжиж байгаагаа мэдэгджээ.

Макаогийн анхан шатны шүүх Баасан гарагт ардчилсан хүчний хууль тогтоох зөвлөлийн гишүүн асан, 69 настай Ау Кам Санд нийт 12 жил хагасын хорих ял оноосныг Дойче Велле мэдээлжээ. Түүнийг төрийн эрх мэдлийг хөмрөх, гадаадын байгууллагатай холбоо тогтоож үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах, нууц задруулах гэмт хэрэгт буруутай гэж үзжээ.
Ау Кам Сан 20 жил хууль тогтоох зөвлөлийн гишүүн байсан бөгөөд 2021 оноос хойш сонгуульд нэр дэвшээгүй. Түүнийг өнгөрсөн оны 7 дугаар сарын 30-нд Хятадыг эсэргүүцдэг гадаад байгууллагад мэдээлэл өгсөн гэх сэжгээр баривчилсан юм.
Шүүхийн мэдээлэлд дурдсанаар тэрбээр хаалттай шүүх хуралдаанд үндсэн баримтуудын ихэнхийг эсэргүүцээгүй байна.
Түүний эхнэр Вирджиниа Чеанг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, хэргийг улс төрийн шүүх хурал гэж нэрлэжээ. Хүний эрхийн ажиглагч байгууллага шийдвэр Макаод засгийн газрыг тайван замаар шүүмжилдэг бүх хүнд айдас төрүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Португалийн иргэншилтэй Ау Кам Санг баривчилсныг Европын холбооны Гадаад үйл ажиллагааны алба, Европын парламент өмнөх оны 8 дугаар сард буруушааж байжээ. Макао 1999 онд Португалиас Хятадад шилжиж, тусгай захиргааны бүс болсон юм.
