Маори идэвхтэн Майк Смитийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой нэхэмжлэлийг НҮБ-ын бага хуралд танилцуулжээ
Бохирдуулагч компаниудын эсрэг Смитийн гаргасан нэхэмжлэлийг Засгийн газар 8 дугаар сард хуулиа яаралтай өөрчлөх замаар зогсоосон юм.
Шинэ Зеландын Нгапухи овгийн уур амьсгалын идэвхтэн Майк Смитийн охин Бьянка Рэнсон эцгийнхээ бохирдуулагч компаниудын эсрэг гаргасан, Засгийн газраас хориглосон шүүхийн нэхэмжлэлийг НҮБ-ын жил бүрийн уур амьсгалын бага хурлын үеэр танилцуулсныг Ар Эн Зет радио мэдээлжээ.
Фонтерра, Зет Энержи зэрэг томоохон хүлэмжийн хий ялгаруулагчдын эсрэг Смитийн гаргасан нэхэмжлэлийг Шинэ Зеландын Өндөр шүүх ирэх оны 4 дүгээр сард хэлэлцэх ёстой байв.
Гэвч Засгийн газар Смитийн хэргээс үүдэн 8 дугаар сард яаралтай журмаар хууль өөрчилж, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хохирлын одоо байгаа болон ирээдүйн нэхэмжлэлийг хориглосноор уг хэрэг зогссон юм.
Фонтерра, Зет Энержи компаниуд Смитийн хэргийн талаар Ерөнхий сайдын албанд урьд нь ил болоогүй танилцуулга өгч байсныг, мөн албан тушаалтнууд Засгийн газарт шүүхийн хэрэгт оролцохгүй байхыг зөвлөж байсныг Ар Эн Зет радио 5 дугаар сард мэдээлж байжээ. Смит хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэн 6 дугаар сард Өндөр шүүхэд шинэ нэхэмжлэл гаргасан байна.
“Майкийн хэргийн үйл явдлын дарааллыг хуваалцах нь дэлхийн бусад уугуул иргэд, уур амьсгалын хуульчдад маш их сонирхолтой байх болно гэж бодож байна” гэж Рэнсон хэлжээ.
Хуулийн өөрчлөлтийг зарлах үед Хууль зүйн сайд байсан Пол Голдсмит Смитийн хэрэг бизнесийнхний итгэлд сөргөөр нөлөөлөх тодорхойгүй байдал үүсгэж байна гэж мэдэгдэж байсан.
Дэлхий даяар уур амьсгалтай холбоотой 3000 гаруй хэргийг шүүхэд гаргасан бөгөөд тэдгээрийн заримыг нь бусад уугуул иргэдийн бүлэг гаргасан байна. Шинэ Зеландын Уур амьсгалын өөрчлөлтийн комисс уур амьсгалын өөрчлөлт маори иргэдэд харьцангуй их нөлөөлдгийг удаа дараа онцолж ирсэн.
/file/attachments/orphans/Holly-Durbanportupdate_780066.jpg)
/file/attachments/orphans/Spotlight-ElNino-KZN_400668.jpg)

