Бизнес

Өмнөд Африкийн Дурбан боомт дахь ачааны саатал бизнесийнхний санааг зовоосоор байна

Боомтод ирсэн хөлөг 12 хоног үйлчилгээ хүлээж байгаа бол шинэ тоног төхөөрөмж ирэх оны дунд үе орчим ирэх магадлалтай гэж мэргэжилтэн үзэж байна.

Daily MaverickHolly Munks2 мин унших

Зураг: Daily Maverick

Өмнөд Африкийн Дурбан боомтоор ачаа шаардлагатай хэмжээнээс удаан дамжсаар байгаа тул бизнесийнхэн түгшиж байгааг Дэйли Маверик сайт мэдээлжээ.

“Энэ бол зөвхөн манай боомтын гадна хөлөг онгоцнууд хүлээж байгаа асуудал биш. Өмнөд Африкийн үйлдвэрүүд зогсож, ажилчдыг гэр рүү нь явуулж, бизнесүүд санхүүгийн ноцтой хохирол амсаж байна” гэж хог тээврийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компанийн эзэн Жон Боуман өнгөрсөн долоо хоногт тус сайтад бичжээ. Тэр цагаас хойш байдал бага зэрэг сайжирсан ч олон бизнес хохирсоор байгаа гэж тэрбээр нэмжээ.

Далайн тээврийн зөвлөх Дэйв Уоттсын хэлснээр, Дурбан боомтод 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх цитрус жимсний улирал, мөн Хар Баасан, Зул сарын баяр, үйлдвэрүүдийн оны эцсийн ачааллаас үүдэх оны эцсийн оргил гэсэн хоёр оргил үе байдаг. “Өнөөдөр хүлээлтийн байрлалд ирсэн хөлөг 12 хоног ямар ч үйлчилгээ авахгүй. Үйлчилгээнд дөрвөн хоног нэмбэл 16 хоног болно” гэж тэрбээр хэлжээ.

Хөлөг онгоцнууд бөөгнөрч байгаа нь гол санаа зовоосон асуудал хэвээр байгаа бөгөөд одоогийн байдлаас болж холбогдох нийлүүлэлтийн сүлжээ 20 орчим хоногоор удааширч байна гэж Өмнөд Африкийн Ачаа тээвэр зуучлагчдын холбооны судалгаа, шинжилгээний албаны дарга Жейкоб ван Рэнсбург хэлжээ.

Тус боомтын Дурбан Гейтвэй терминалын 49 хувийг Филиппиний Ай Си Ти Эс Ай компани, 51 хувийг төрийн Транснет компани эзэмшдэг. Одоогийн байдлаар, гомдол гарахад Транснет, Ай Си Ти Эс Ай хоёр бие биенээ буруутгах боломжтой бөгөөд терминалыг хэн удирддаг нь ажилтнуудад нь ч тодорхойгүй байгаа аж.

Өмнөд Африкийн Хөлөг онгоц ажиллуулагч, агентуудын холбооны гүйцэтгэх захирал Питер Беснард асуудлыг 2014 оны орчмоос тоног төхөөрөмжийг шинэчилж чадаагүйтэй холбон тайлбарлажээ. Олон эх сурвалж төрийг булаан эзэлсэн гэгдэх үеийн хөрөнгө завшилтыг дурдсан байна.

Уоттс нэг жил, магадгүй 18 сарын дараа нөхцөл байдал сайжирсан байна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Терминалд шинэ тоног төхөөрөмж ирэх оны дунд үе орчим нийлүүлэгдэх төлөвтэй гэж тэрбээр нэмж хэлжээ.

Бусад мэдээ