Марокко НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа дууссан ч Баруун Сахар дахь гал зогсоолтоо сахина гэж мэдэгдэв
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл 35 жил үргэлжилсэн номлолын хугацааг сунгаж чадаагүй тул бүс нутагт хурцадмал байдал нэмэгдэх эрсдэлтэй байна.

Марокко НҮБ-ын энхийг сахиулагчид байхгүй болсон ч Баруун Сахар дахь гал зогсоолтоо сахисаар байхаа мэдэгдсэнийг Африканьюс телевиз мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ, Орос хоёр бие биеийн тогтоолын төсөлд хориг тавьсны улмаас НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл 35 жил үргэлжилсэн номлолын хугацааг сунгаж чадаагүй юм.
Мароккогийн Хааны ордны мэдэгдэлд гал зогсоолтыг сайн дураар сахих амлалт өөрчлөгдөхгүй гэжээ. Хаан Мохаммед албаны хүмүүст улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахыг үүрэг болгожээ.
Ашигт малтмалаар баялаг Баруун Сахарыг Марокко болон Алжирын дэмжлэгтэй тусгаар тогтнолыг эрхэмлэгч Полисарио фронт өөрийнх гэж маргадаг. Энхийг сахиулагчдыг 1988 онд хэзээ ч явагдаагүй бүх нийтийн санал асуулгыг хянуулахаар байршуулж байжээ.
Рабат номлол дууссаныг сайшааж байхад Алжир гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш байдал хурцдах эрсдэлтэйг анхааруулж, бүх талыг тэвчээртэй байхыг уриалсан байна.
Марокко 1975 онд тус нутгийг өөртөө нэгтгэсний дараа маргаан 15 гаруй жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөн болж хувирч, хоёр талаас 16 мянга гаруй хүний амь эрсдэсэн юм.



