Мьянмарын цэргийн засгийн газар рохинжа гэдэг нэр томьёог үгүйсгэж, Си Эн Эй сайтын нэвтрүүлгийг эсэргүүцжээ
Си Эн Эй сайт мэдээллээ үндэслэлтэй, Мьянмарын засгийн газрын байр суурийг ч тусгасан гэж хариулжээ.

Мьянмарын цэргийн засгийн газар Малайз дахь рохинжа иргэдийн хувь заяаг судалсан нэвтрүүлгийг эсэргүүцэж, рохинжа гэдэг үндэстэн Мьянмарт хэзээ ч байгаагүй гэж мэдэгдсэнийг Си Эн Эй сайт мэдээлжээ.
Сингапур дахь Мьянмарын Элчин сайдын яам 10 дугаар сарын 22-ны мэдэгдэлдээ уг нэр томьёог эрс үгүйсгэж, Британийн колоничлолын үеийн хүн амын тооллогоор бенгал гэдэг нэр томьёо байсан нь нотлогддог гэж үзсэн байна.
Си Эн Эй сайтын гүйцэтгэх продюсер Дэниел Хэн рохинжа гэдэг нэр томьёо олон улсын тогтсон хэрэглээ, сэтгүүл зүйн нийтлэг практикт нийцдэг бөгөөд НҮБ, Олон улсын шүүх зэрэг байгууллага ашигладаг гэж хариулжээ.
Нэвтрүүлэг 10 дугаар сарын 15-нд цацагдсан бөгөөд Малайзад орогнол олсон рохинжачууд дайсагнал, улс төрийн дарамтад өртөж буйг харуулсан юм.
Мьянмарын засгийн газар мэдэгдэлдээ саяхан 8041 Мьянмарын иргэнийг агаараар, онгоцны тийз авах боломжгүй 1476 иргэнийг тэнгисийн цэргийн хөлгөөр эх оронд нь буцаасныг дурджээ.
Нэвтрүүлэгт Мьянмар 5000 рохинжа дүрвэгсдийг Малайзаас буцааж авахаар тохиролцсон тухай Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахимын үгийг иш татсан бөгөөд саяхан буцаагдсан 1500 орчим иргэнд рохинжа ороогүйг тодруулсан байна.
Мьянмарт цэргийнхэн төрийн эргэлт хийж, сонгогдсон засгийн газрыг түлхэн унагаснаас хойш таван жил гаруй өнгөрчээ.
/file/attachments/orphans/Riaan-PerliesFestive1_428422.jpeg)

/file/attachments/orphans/Lerato-Cop31-14_678098.jpg)
