Молдав улс Приднестровийн удирдагч Красносельскийг улсаас гарахыг таван жил хориглоно

Приднестровийн удирдагч Вадим Красносельскийг Молдаваас гарахыг таван жилийн хугацаанд хориглоно гэж Молдавын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Чорич сэтгүүлчдэд 11 дүгээр сарын 15-нд мэдэгдлээ. Красносельский эхнэрийн хамт ням гарагийн орой Москвагаас Кишинёвт буцаж иржээ.
“Вадим Красносельский Кишинёвт газардсаныг баталж байна. Хяналтын журмын дараа тэрбээр саяхны Москвагийн хэргийнхээ үр дагаврыг хүлээх бөгөөд үүнд Бүгд Найрамдах Молдав Улсын хилийн боомтоор дамжуулан улсаас гарахыг таван жилийн хугацаанд хориглох арга хэмжээ багтана” гэж Чорич мэдэгджээ.
Кишинёвын нисэх онгоцны буудалд Красносельскийг угтсан сэтгүүлчдийн хэлснээр тэрбээр газардсаны дараа албан ёсны төлөөлөгчдийн танхимд (VIP танхим) орсон байна. Дараа нь Хилийн цагдаагийн ажилтнууд түүнийг тодорхой сэжиг төрүүлсэн иргэдтэй ихэвчлэн ярилцдаг барилгын хоёрдугаар давхарт дагуулан аваачжээ. Түүнд улсаас гарах хорио тогтоосныг мэдэгдсэн бололтой.
Красносельский эхнэрийн хамт 10 дугаар сарын сүүлээр Молдаваас гарсан юм. 11 дүгээр сарын 4-нд Москвад Владимир Путин Красносельскийд Хүндэт одон гардуулжээ. Дараагийн өдөр нь Молдавын засгийн газрын дэргэдэх Дахин нэгтгэх товчоо Красносельский буцаж ирсний дараа түүнд таван жилийн хугацаатай гарах хорио тогтоох замаар хязгаарлалт тавина гэж зарласан байна.
Үүний дараа хуульчид Молдавын хууль тогтоомжид улсад нэвтрэхийг хориглох заалт байдаг ч гарахыг хориглох заалт байхгүй гэж тэмдэглэжээ.
Молдавын Ерөнхий сайд Василий Тофан 11 дүгээр сарын 5-нд хэвлэлийн бага хурал дээр “энэ бол техникийн бус, улс төрийн шийдвэр” гэж мэдэгдсэн. Эрх баригчдад “хоригийг хэрэгжүүлэх шаардлагатай эрх зүйн хэрэгсэл бий” гэж тэрбээр батлан хэлжээ.
Красносельскийн хүлээн зөвшөөрөгдөөгүй Приднестровийн Молдавын Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа сарын дараа буюу 12 дугаар сарын дундуур дуусна. Тэрбээр энэ албан тушаалыг арван жил хашсан бөгөөд дахин нэр дэвших эрхгүй.



