Нисгэгчгүй онгоцны халдлагын дараа Яндексийн үүлэн үйлчилгээний харилцагчдын өгөгдлийн 3 орчим хувь бүрмөсөн устжээ
Автомат нөөцлөлт идэвхжүүлсэн харилцагчид ямар ч өгөгдөл алдаагүй байна.

Яндекс компани өнгөрсөн сард Украины нисгэгчгүй онгоцнууд дата төвүүд рүү нь довтлоход өртсөн үүлэн үйлчилгээний харилцагчдын өгөгдлийн 97 орчим хувийг сэргээсэн ч үлдсэн 3 хувь нь бүрмөсөн устсаныг Москоу Таймс сайт мэдээлжээ.
Компани өгөгдөл алдагдсаныг тоног төхөөрөмжийн ноцтой эвдрэл болон зарим харилцагч гадаад нөөц хувь хадгалаагүйтэй холбон тайлбарласан байна.
Украины нисгэгчгүй онгоцнууд 10 дугаар сарын 8-11-ний хооронд Яндексийн хэд хэдэн дата төв рүү довтолсноор такси дуудах, хоол хүргэх, онлайн газрын зураг, имэйл, банк, стриминг үйлчилгээ тасалдаж, Яндексийн дэд бүтцийг ашигладаг төрийн байгууллага, хувийн компаниуд ч хохирсон юм.
Цаашид ийм тасалдлаас сэргийлэхийн тулд Яндекс шинэ виртуал серверүүдэд автомат нөөцлөлтийг анхнаасаа идэвхжүүлдэг болгожээ.
Инженерүүд тооцооллын ачааллыг Орос даяарх илүү тархсан дата төвүүдэд хуваарилж байгаа бөгөөд довтолгоонд өртсөн хоёр байгууламжид байсан суперкомпьютерүүд эвдрээгүй, аюулгүй байршилд шилжүүлэгдсэн аж.


