Норвегийн Ерөнхий сайд Их Британид Норвегийн загварыг дагахгүй байхыг зөвлөжээ
Норвеги ЕХ-ны нэгдсэн зах зээлд оролцдог ч дүрмийг нь тогтооход санал өгөх эрхгүй байдаг нь ардчиллын дутагдал гэж Стёре хүлээн зөвшөөрчээ.

Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стёре Их Британийн Ерөнхий сайд Энди Бернхэмд ЕХ-той харилцах Норвегийн загварыг дуурайхгүй байхыг анхааруулсныг Политико сайтын Европ дахь хэвлэл түүнтэй хийсэн ярилцлагадаа үндэслэн мэдээлжээ.
5.6 сая хүн амтай Норвеги Европын эдийн засгийн бүсээр дамжуулан ЕХ-ны нэгдсэн зах зээлд оролцдог ч бүрэн эрхт гишүүн биш тул холбооны арилжааны дүрмийн талаар санал өгөх эрхгүй.
«Энд ардчиллын илт дутагдал байгаа ч 1995 оноос хойшхи Норвегийн бүх парламент үүнийг боломжийн арга гэж үзэж ирсэн» гэж Стёре хэлжээ.
Их Британи, Канад хоёр 27 гишүүнтэй холбоотой харилцаагаа ойртуулахыг эрмэлзэж байгаа бөгөөд Бернхэм энэ сарын сүүлээр ЕХ-ны удирдагчидтай уулзахдаа худалдааны илүү таатай нөхцлийн санааг судлахаар төлөвлөжээ.
Стёрегийн хэлснээр Норвеги нэгдсэн зах зээлээс гадна уур амьсгал, оюутан, аюулгүй байдал зэрэг асуудлаар Брюссельтэй 100 нэмэлт гэрээ байгуулах шаардлагатай болсон аж.
Тэрбээр Их Британи, Канад, Норвеги гурав сансрын хамтын ажиллагаа, газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээ зэрэг ЕХ-нд ч чухал асуудлаар стратегийн хамтран ажиллаж болно гэж үзжээ.
Стёре 2014 оноос хойш Норвегийн Хөдөлмөрийн намыг удирдаж, 2021 оноос Ерөнхий сайдаар ажиллаж байна.



