НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох долоо дахь урьдчилсан санал хураалт явуулна
НҮБ-ын 81 жилийн түүхэнд эмэгтэй хүн байгууллагыг удирдаж байгаагүй юм.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөх өрсөлдөөн үргэлжилж байгаа энэ үед баасан гарагт долоо дахь урьдчилсан санал хураалтаа явуулна. Энэ тухай Зэ Нэшнл сонин мэдээлэв.
Санал хураалт албан бус, нэрээ нууцалсан хэлбэртэй ч зөвлөлийн гишүүд нэр дэвшигч бүрийг хэрхэн үнэлж байгааг харуулдаг. Өмнөх шатанд зөвлөлийн гишүүд өнгөөр ялгасан санал хуудас ашиглаж, Их Британи, Хятад, Франц, Орос, АНУ гэсэн таван байнгын гишүүний саналыг сонгогдсон 10 гишүүнийхээс ялгажээ.
Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш оны эцэст албан тушаалаасаа буух юм. Түүнийг 2016 оны аравдугаар сард сонгоход зөвлөл зургаан удаа урьдчилсан санал хураалт явуулсны эцэст тохиролцоонд хүрч байжээ.
Энэ удаа найман хүн нэр дэвшсэн бөгөөд тэдний дунд Аргентины Рафаэль Гросси, Коста-Рикагийн Ребека Гринспан, Сенегалын Макки Салл, Чилийн Мишель Бачелет нар багтжээ. Өнгөрсөн долоо хоногт тохиролцоонд хүрээгүйн дараа Арабын Нэгдсэн Эмиратын Лана Нусейбе өрсөлдөөнд нэгджээ.
Гринспан өмнөх санал хураалтуудад бусад нэр дэвшигчээс түрүүлж байсан ч ялалт нь баталгаатай биш аж.
Сонгогдсон хүн Ираны дайн, Суданы мөргөлдөөн, Орос-Украины дайн, Палестин-Израилийн мөргөлдөөн зэрэг дэлхий даяарх олон мөргөлдөөнийг намжаах асар хүнд үүрэгтэй тулгарах юм.