Техас мужийн Хөдөө аж ахуйн газар Эйч-Уан-Би визтэй ажилтан авдаг компаниудад тэтгэлэг олгохоо болино
Муж улсын татвар төлөгчдийн мөнгө гадаадын түр ажилчдад бус Техасын иргэдэд ажлын байр бий болгох ёстой гэж хөдөө аж ахуйн комиссар Сид Миллер үзэж байна.
АНУ-ын Техас мужийн Хөдөө аж ахуйн газар Эйч-Уан-Би визтэй ажилтан авдаг компаниудад өөрийн удирддаг тэтгэлгийг олгохоо болино гэж мужийн хөдөө аж ахуйн комиссар Сид Миллер зарлажээ. Энэ тухай Хиндустан Таймс сонин мэдээлэв.
Миллер мөн амбан захирагч Грег Эбботт болон мужийн бусад сонгуульт албан тушаалтныг өөрсдийн агентлагуудад ижил хязгаарлалт нэвтрүүлэхийг уриалсан байна.
Газрын мэдэгдэлд дурдсанаар, энэ бодлого нь татвар төлөгчдийн мөнгөөр олгох тэтгэлгийг гадаадын түр ажилчдад тулгуурладаг компани бус Техасын оршин суугчдад ажлын байр бий болгодог бизнест чиглүүлэх зорилготой.
“Техасын татвар төлөгчид мөнгөө хүнд хөдөлмөрөөр олдог тул татвар нь Техасын иргэдэд боломж бий болгоход зарцуулагдаж байгааг мэдэх эрхтэй” гэж Миллер хэлжээ.
Миллер амбан захирагч Эбботт татвар төлөгчдийн мөнгөөр бий болох ажлын байранд Техасын иргэдийг тэргүүлэх ач холбогдол өгөх ёстой гэж олон нийтэд зарласныг сануулж, тэр зарчмыг хэрэгжүүлэх цаг болсон гэв. Тэрээр мужийн удирдагчдыг эдийн засгийн урамшууллын хөтөлбөрүүдээ хянаж, тэтгэлэг авагчдын ил тод байдлыг сайжруулахыг уриалжээ.
Шинэ хязгаарлалт газрын бүх хөтөлбөрт хамаарахгүй. Бие даасан зөвлөл, комиссын нэрийн өмнөөс удирддаг, өөрсдөө шалгуураа тогтоодог тэтгэлэгт хөтөлбөрүүд үүнд хамрагдахгүй.
Мөн энэ өөрчлөлт Техасын төрийн болон хувийн байгууллагуудыг холбооны тэтгэлэг авах, газрын удирддаг мужийн зээлийн хөтөлбөрт оролцоход саад болохгүй. Хэдэн компани өртөх, тэтгэлгийн хэмжээ хэд болохыг мэдэгдэлд тодруулаагүй байна.
Энэ алхам АНУ-ын ажил олгогчдод тусгай мэргэжлээр гадаадын ажилтан авах боломж олгодог Эйч-Уан-Би визний хөтөлбөрийг шүүмжлэх нь нэмэгдэж буй үед хийгдэж байна. Технологийн компаниуд энэ хөтөлбөрөөр Энэтхэг зэрэг орноос мэргэжилтэн өргөнөөр ажиллуулдаг.

