Өмнөд Солонгос төрийн бондын дуудлага худалдаанд үгсэн хуйвалдсан 15 компанийг 1.2 тэрбум ам.доллараар торгоно
Хуйвалдаанд оролцсон долоон компанийг Хүнд гэмт хэргийн мөрдөн байцаах газарт шилжүүлнэ.

Өмнөд Солонгосын Шударга өрсөлдөөний хороо төрийн бондын дуудлага худалдаанд 3 гаруй жил үгсэн хуйвалдсан 15 санхүүгийн компанид нийт 1.62 их наяд вон (1.2 тэрбум ам.доллар) торгууль ногдуулахаар шийдвэрлэснээ Лхагва гарагт мэдэгджээ. Энэ тухай Корея Таймс сонин мэдээлэв.
Хорооны мэдээлснээр, 10 брокерын компани, 5 банкнаас бүрдсэн анхдагч дилерүүд 2020 оны 1 дүгээр сараас 2023 оны 6 дугаар сар хүртэл 150 дуудлага худалдааны талаар утас, мессежээр үнийн санал, хэмжээний мэдээлэл солилцжээ. Үүнээс 145-д нь тодорхой өгөөж, хэмжээгээр тохиролцсон нь үгсэн хуйвалдаан болжээ.
Торгууль 2016 онд Куалкомд ногдуулсан 1.03 их наяд воны өмнөх дээд амжилтыг давсан юм.
“15 компанийн тендер хариуцсан дилерүүд дуудлага худалдааны өдрүүдэд санал болгох хэмжээ, өгөөжийн мэдээлэл солилцож, заримдаа хэдхэн секундэд тохиролцоонд хүрч, байнга үгсэн хуйвалдаж байсан” гэж хороо мэдэгджээ. Төрийн бонд бусад санхүүгийн бүтээгдэхүүний үнэ, хүүгийн жишиг болдог тул ийм хуйвалдаан ноцтой зөрчил гэж хороо үзсэн байна.
Дилерүүд ажил хүлээлцэхдээ өрсөлдөгч компаниудын харилцагчийн холбоо барих мэдээллийг залгамжлагчдадаа дамжуулж, бүр гарын авлагад тэмдэглэж байжээ. Энэ нь өрсөлдөөнийг хязгаарлан бондын өгөөжийг зохиомлоор өсгөсөн юм.
КБ Секьюритиз хамгийн их буюу 332.1 тэрбум воны, Эн Эйч Инвестмент энд Секьюритиз 242.7 тэрбум воны торгууль авчээ.
Хороо Мирэ Эссет Секьюритиз, Эн Эйч Инвестмент энд Секьюритиз, Солонгосын аж үйлдвэрийн банк, КБ Секьюритиз, Кивүм Секьюритиз, Солонгосын хөгжлийн банк, Солонгосын хөрөнгө оруулалт, үнэт цаас зэрэг долоон компанийг Хүнд гэмт хэргийн мөрдөн байцаах газарт шилжүүлэхээр шийджээ.



