ОпенЭйАй АНУ-ын армийн хуучин сайд Дэн Дрисколлыг ажилд авчээ
Украины энхийн хэлэлцээнд оролцож байсан хуучин сайд одоо холбоотнуудтай хиймэл оюуны хэрэглээн дээр ажиллах юм.
ОпенЭйАй компани АНУ-ын армийн хуучин сайд Дэн Дрисколлыг үндэсний аюулгүй байдлын шинэчлэлийн ахлах зөвлөхөөр томилжээ гэж Медуза сайт мэдээлэв.
Тэрбээр энэ албан тушаалд АНУ-ын холбоотнуудтай хиймэл оюуны хариуцлагатай хэрэглээг дэмжих чиглэлээр ажиллах аж.
«АНУ-д бусад улстай хамтран ардчилсан хиймэл оюуныг түгээж нэвтрүүлэх онцгой боломж байгаа бөгөөд үүнд туслахаар Дэн Дрисколлыг ОпенЭйАй-д хүлээн авч байгаадаа баяртай байна» гэж компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман мэдэгджээ.
Дрисколл Дональд Трамп сонгуульд ялсны дараа армийн сайд болсон бөгөөд Дэд Ерөнхийлөгч Жей Ди Вэнсийн дэмжлэгтэй хүн гэж үздэг байв.
2025 оны 11 дүгээр сард Трамп түүнийг Украины асуудлаарх тусгай элчээр томилжээ. Тэрбээр 11 дүгээр сарын 19-нд Киевт очиж, энхийн төлөвлөгөөг Владимир Зеленскийд танилцуулсан бөгөөд Зеленский уг төлөвлөгөөг хүлээн аваагүй ч дээр нь ажиллахаар зөвшөөрсөн юм.
Телеграф сонин 2025 оны 12 дугаар сарын сүүлээр Батлан хамгаалахын сайд Пит Хегсет түүнийг хэлэлцээнээс хассан гэж бичиж байв. Гэсэн хэдий ч Дрисколл энэ оны 2 дугаар сард Абу-Дабид болсон Орос, Украин, АНУ-ын гурван талт хэлэлцээнд оролцсон байна.
Тэрбээр 8 дугаар сарын сүүлээр армийн сайдын албан тушаалаасаа огцорсон бөгөөд Уолл Стрит Жорнал сонин үүнийг Хегсеттэй санал зөрөлдсөнтэй холбож байв.



