Орос, Гүрж тусгай төлөөлөгчийн түвшинд шууд яриа хэлэлцээгээ сэргээж байна
Гүржийн шинэ тусгай төлөөлөгч Георгий Зурабашвилийн Оросын талын түншээр Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин ажиллана.

Гүржийн Ерөнхий сайдын Оростой харилцах асуудлаарх шинэ тусгай төлөөлөгч Георгий Зурабашвилитай Москва аль хэдийн холбоо тогтоосон гэж “Известия” сонин Оросын Гадаад хэргийн яамыг иш татан даваа гарагт мэдээлэв. Интерфакс агентлаг энэ тухай 11 дүгээр сарын 16-нд мэдээлэв.
“Бид Георгий Зурабашвилитай холбоо тогтоосон. Түүний Оросын талын түнш нь Өмнөд Кавказын чиглэлийг хариуцсан Гадаад хэргийн дэд сайд Михаил Галузин байна. Орос Гүржтэй прагматик, харилцан ашигтай харилцаа тогтоохыг үргэлж дэмждэг” гэж яамнаас сонинд тайлбарлажээ.
Хэлэлцээчид худалдаа, аялал жуулчлал, тээврийн холболт, соёлын солилцоог өргөжүүлэх зэрэг практик асуудалд анхаарна гэж Оросын Гадаад хэргийн яам нэмж мэдэгдэв. Зарим чиглэлээр ажил аль хэдийн эхэлсэн бөгөөд тухайлбал хоёр орны хөдөө аж ахуйн яамдын төлөөлөгчид газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүний харилцан нийлүүлэлтийг хялбарчлахыг хичээж байгаа гэж нийтлэлд дурджээ.
Гүржийн эрх баригчид 10 дугаар сарын сүүлээр Оростой харилцах асуудлаарх шинэ тусгай төлөөлөгчөөр Гадаад хэргийн нэгдүгээр дэд сайд Георгий Зурабашвилийг томилсон билээ. Энэ албан тушаал 2024 оны хавраас хойш сул байсан бөгөөд одоо Тбилиси Москватай шууд яриа хэлэлцээгээ сэргээхээр шийджээ. Орос энэ алхмыг дэмжиж, уг томилгоо хоёр талын харилцаанд түлхэц өгнө гэж найдаж байгаагаа Оросын ГХЯ сонинд мэдэгдсэн байна.



