Оросын эрдэмтэд Арктикаас олдсон мамонтын эдээс эртний бактери ялгаж авчээ

Оросын эрдэмтэд Якутаас олдсон “Малоляховын мамонт”-ын эдээс энтерококк ялгаж авчээ. Тэдгээрийг судалснаар плейстоцен үеэс өнөөг хүртэлх бактерийн хувьслыг мөрдөх боломжтой гэж Туршилтын анагаах ухааны хүрээлэнгийн биологийн аюулын хяналтын лабораторийн эрхлэгч Артемий Гончаров РИА Новости агентлагт энэ сарын 16-нд ярьжээ.
Гончаров багтдаг Оросын эрдэмтдийн баг Якутын мамонтын фаунд хамаарах эртний амьтдын олдворын эдэд амьдардаг бичил биетний талаар хэд хэдэн судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан олдворын нэг нь “Малоляховын мамонт” юм. Насанд хүрсэн эм мамонтын үлдэгдлийг 2012 онд Шинэ Сибирийн арлуудын бүлгийн Бага Ляхов арлаас олжээ.
“Энэ мамонтын хоол боловсруулах зам болон бусад зарим эдээс сэргээж чадсан бичил биетний бүрэлдэхүүнээс хөхтөн амьтдын хоол боловсруулах замд ердийн байдаг бактери болох энтерококкийг ялгаж авсан” гэж эрдэмтэн хэлэв.
Энтерококк өөрөө аюул учруулдаггүй гэж тэрбээр тайлбарлажээ. Гончаровын хэлснээр энэ бүлгийн бичил биетний дунд ашигтай төрөл ч бий. Тухайлбал, тэдгээрээс дархлаа, гэдэсний эрүүл мэндийг дэмждэг пробиотик гаргадаг.
Судалгааны үр дүнгээс үзэхэд мамонтын тундр-хээрт амьдарч байсан амьтдад ердийн бактери плейстоцен үеэс өнөөг хүртэл хадгалагдаж болдог болохыг эрдэмтэн онцолжээ. Энэ тохиолдолд мамонтоос ялгаж авсан бактери тухайн амьтантай ижил буюу 28 мянга гаруй жилийн настай гэж эрдэмтэд таамаглаж байна.
“Эдгээр бактери өнөөдөр ч тааралддаг. Гэхдээ зарим тохиолдолд орчин үеийнхтэй адилгүй генотип буюу эдгээр бактерийн хувилбаруудыг олж чаддаг. Тэдгээрийн геномыг судлах нь орчин үеийн бичил биетний, тэр дундаа хүнд аюултай байж болзошгүй төрлийн хувьслыг судлах боломж олгодог” гэж шинжлэх ухааны доктор тайлбарлав.
Жишээ болгон Гончаров эмнэлгийн дотоод халдварын гол үүсгэгчдийн нэг болох энтерококкийн Enterococcus faecium зүйлийг дурдсан. Орчин үеийн энтерококкийн омгууд хаанаас үүссэнийг ойлгохын тулд өнгөрсөн үе рүү эргэн харж, эртний бактерийг (зөвхөн энтерококк биш) орчин үеийнхтэй харьцуулах нь чухал гэж эрдэмтэн тэмдэглэв. “Эдгээр ажил идэвхтэй явагдаж байгаа бөгөөд бид сонирхолтой үр дүн гарна гэж найдаж байна” гэж Гончаров хэлжээ.



