Оупен Эй Ай-ийн гүйцэтгэх захирал Самсунгийн удирдлагуудад Кодекс гарын бэлэг өгсөн нь анхаарал татжээ
Альтманы бэлэг хиймэл оюунтай харилцах ирээдүйн арга барилын талаарх компанийн алсын харааг илэрхийлж байна гэж үзэж байна.

Оупен Эй Ай компанийн гүйцэтгэх захирал Сэм Альтман Самсунг группийн удирдлагуудад бэлэглэсэн жижиг гар энгийн бичихэд бус, Кодексээр вайб кодинг хийхэд зориулагдсан тул анхаарал татаж байна гэж Кориа Таймс сонин мэдээлжээ.
Альтман бямба гарагт Кёнги мужийн Ёнъин хот дахь Самсунг группийн сургалтын төвд зочилж, Самсунг Электроникс болон бусад охин компанийн 50 гаруй ерөнхийлөгчтэй ярилцлага хийсэн байна.
Альтманы хэлснээр хүмүүс дуут тушаал, хиймэл оюуны тусламжтайгаар компьютертэй харилцах болсон ертөнцөд бүтэн гар шаардлагагүй болж магадгүй бөгөөд энэ төхөөрөмж Кодекстэй илүү хурдан ажиллахад тусална.
Кодекс Микро гар бол Оупен Эй Ай брэндийн анхны техник хангамжийн бүтээгдэхүүн юм. 13 механик товчлуур, хиймэл оюуны сэтгэх түвшнийг тохируулах эргэдэг бариул, жойстик, мэдрэгчтэй уг төхөөрөмж 230 ам.доллараар зарагддаг ч одоогоор дууссан байна.
Энэ оны эхээр Самсунг Оупен Эй Ай-ийн удахгүй гарах төхөөрөмжүүдэд 2 нанометрийн Эксинос процессор нийлүүлж магадгүй гэсэн мэдээлэл гарч байжээ.
Самсунг Электроникс, Оупен Эй Ай хоёр өнгөрсөн оны аравдугаар сард Оупен Эй Ай-ийн Старгейт төсөлд санах ойн чип нийлүүлэх зэрэг дэлхийн хиймэл оюуны дэд бүтцийг хөгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.



