Оземпик төрлийн эм хэрэглэж байгаад зогсоох нь зүрхний эрсдэлтэй холбоотой болохыг судалгаа харуулжээ
Австралийн мэргэжилтнүүд дүгнэлтийг болгоомжтой хүлээж авахыг сануулж, эмчилгээг зогсоох эсэхээ эмчтэйгээ зөвлөхийг уриалж байна.
Хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүс ГЛП-1 төрлийн эм хэрэглэж эхлээд зогсоовол үргэлжлүүлэн хэрэглэгчдээс зүрхний шигдээс, цус харвалт, нас баралтын эрсдэл өндөр байж болзошгүйг олон улсын шинэ судалгаа харуулсныг Австралийн Эй Би Си телевиз мэдээлжээ.
Лансет сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа 2004-2024 онд зүрх судасны өвчингүй, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй 80 мянга гаруй италийн иргэнийг хамарчээ.
Эмчилгээгээ зогсоосон хүмүүсийн 100 тутмын дөрөв орчим нь зүрхний шигдээс, цус харвалтад өртөж эсвэл нас барсан бол үргэлжлүүлэн хэрэглэгчдийн дунд энэ үзүүлэлт 100 тутмын хоёр орчим байжээ. Таргалалттай хүмүүст эрсдэл илүү өндөр байсан байна.
Судалгааны ахлах зохиогч, Италийн эмнэлгийн чихрийн шижингийн судалгааны тэргүүн Антонио Черьелло эм зүрх судасны системийг шууд хамгаалж болзошгүй гэж таамаглажээ.
Гэвч Австралийн мэргэжилтнүүд судалгаа шалтгаан-үр дагаврын холбоог батлаагүй, хүмүүс яагаад эмээ зогсоосныг судлаагүй гэдгийг онцолж байна. Нийт 80302 оролцогчийн 60 орчим хувь нь эмээ зогсоожээ.
«Эмээ зогсоосон нь өвчний шалтгаан бус, харин тэд өвчтэй байсныг илтгэх шинж юм» гэж Сиднейн их сургуулийн профессор Клара Чоу хэлсэн байна.
Судалгаанд Монжаро нэрээр зарагддаг тирзепатид хэрэглэгчид ороогүй, Оземпик, Веговигийн найрлага болох семаглутид хэрэглэгчид цөөн байсан бөгөөд оролцогчдын ихэнх нь лираглутид, дулаглутид хэрэглэж байжээ.


