«Проект»: Борис Немцовын алуурчдыг нууцаар суллаж, тэд Чеченьд “чимээгүй амьдарч” байгаа бололтой
Аллагыг зохион байгуулж, захиалсан гэх хүмүүс одоо болтол шийтгэл хүлээгээгүйг «Проект» онцолжээ.
Улс төрч Борис Немцовыг хөнөөсөн хэргээр ял авсан таван хүний гурав нь хугацаанаас нь өмнө суллагдаж, Чеченьд амьдарч байгааг «Проект» хэвлэл тогтоосныг Медуза мэдээлэв.
Аллагыг шууд үйлдсэн гэж тооцогдсон Заур Дадаев болон ах дүү Анзор, Шадид Губашев нарын тухай ярьж байна. Тэдэнд 2017 онд тус тус 20, 19, 16 жилийн хорих ял оноожээ. Тэднийг суллагдсан тухай «Проект»-д эх сурвалж мэдээлсэн бөгөөд хэвлэл мөн төрийн мэдээллийн сангуудаас алдагдсан мэдээлэлд үүнийг шууд бусаар батлах баримт олжээ.
Хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан ч гэсэн ял нь 2028 онд л дуусах байсан Дадаев 2024 оны 10 дугаар сард хорих ангиас гарчээ. Хүүхэд нь төрсөнд бэлэг болгон түүнийг сулласан байж магадгүй гэж «Проект» бичжээ. Дадаев хоригдож байхдаа Рамзан Кадыровын захиргааны ажилтантай гэрлэсэн юм. Дадаев Грозный хотоос 80 километрийн зайд суурьшиж, банкинд төлөх 1.2 сая рублийн өрөө бүрэн барагдуулжээ.
«Проект»-ийн сурвалжлагын мэдээллээр ах дүү Губашев нар ч суллагдсаныхаа дараа гэрлэжээ. Тэд Грозный хотын нэгэн орон сууцны хороололд амьдарч, байшин барихаар төлөвлөж байна. Гурвууланг нь “чимээгүй амьдрах” нөхцөлтэйгөөр сулласан гэж эх сурвалж ярьжээ.
Алуурчдын бүлгийн өөр нэг гишүүн Темирлан Эскерханов Батлан хамгаалах яамтай гэрээ байгуулсны дараа 2024 онд суллагдсан. Тав дахь ялтан Хамзат Бахаев 11 жилийн ял авч, ялаа эдэлж дуусгасан байна.
Немцовын аллагын зохион байгуулагч, захиалагч гэх хүмүүс одоо болтол шийтгэл хүлээгээгүйг «Проект» онцолжээ. Тэдний дунд Чеченийн тэргүүн Рамзан Кадыров, Төрийн думын депутат Адам Делимханов, Геремеевын гэр бүлийн гишүүд зэрэг нөлөө бүхий албан тушаалтнуудаас гадна бусад хүн ч бий.
Мөрдөн байцаалтын байгууллагаас Немцовын аллагыг захиалагч гэж албан ёсоор тооцдог Руслан Геремеевын жолооч Руслан Мухудинов ч энэ бүх хугацаанд Чеченьд амьдарч байсан байх магадлалтай гэж «Проект» бичжээ. Тэрбээр 2015 оноос хойш эрэн сурвалжлагдаж байна.



