Пусан хот далайн эргийн үзвэрүүдийг холбох далайн такси туршжээ
Далайн такси нь түгжрэл ихтэй дүүргүүдийг холбох тээвэр, аялал жуулчлалын татлага аль аль нь болох зорилготой юм.

Пусан хотын захиргаа Сүён гол, Гуаналли, Хэүндэ далайн эргийг холбосон далайн такси үйлчилгээгээ Лхагва гарагт туршжээ. Энэ тухай Корея Таймс сонин мэдээлэв.
Хоёр удаагийн туршилтын аялалд орон нутгийн 16 сэтгүүлчийг урьж, 45 минутын маршрутаар явуулсан байна. Завьнууд Хэүндэгийн АПЕК Нарү цэцэрлэгээс өглөөний 10:30, өдрийн 2 цагт хөдөлж, 15 минутын гурван хэсэгт хуваагдсан маршрутаар явсны дараа гол руу буцжээ.
Төлөвлөгөөгөөр 50-аас цөөн зорчигч багтаах байгальд ээлтэй дор хаяж 6 хөлөг Сүён гол, Гуаналли, Хэүндэ дахь 3 буудлаар үйлчлэх юм. Хот буудал, зорчигчийн тав тухын байгууламжид 1.4 тэрбум вон (960,000 ам.доллар) хөрөнгө оруулж, 2027 оны хоёрдугаар хагаст барьж дуусгахаар төлөвлөжээ.
Хувийн оператор Яхт Тальрэ компани 6 хөлөг бүтээж, 2028 оны 1 дүгээр сар гэхэд үе шаттайгаар ашиглалтад оруулах юм. Буудлууд бэлэн болмогц бэлэн болсон хөлгүүдээр үйлчилгээгээ эхлүүлэхээр болжээ.
“Пусан далайн такси шинэ тээврийн хэрэгсэл, аялал жуулчлалын татлага болж, Пусангийн аялал жуулчлалын сонирхлыг нэмэгдүүлнэ гэж бид найдаж байна” гэж хотын Аялал жуулчлалын агуулгын салбарын газрын дарга На Юн Бин хэлжээ.
Пусан хот дэлхийн далайн аялал жуулчлалын төв болох зорилгынхоо хүрээнд хоёр нутагтан автобус зэрэг бусад төслөө ч түргэтгэх юм.



