Дэлхий

“Роскосмос”: Гадаадын түншүүдэд санал болгож буй хиймэл дагуулын холбоог тухайн орны хүчний байгууллагууд л хянана

Оросын “Бюро 1440” компани одоогоор тойрог замд 30 хиймэл дагуул ажиллуулж байна. 2027 он гэхэд энэ тоог 292-т хүргэхээр төлөвлөжээ.

Интерфакс2 мин унших

Зураг: Интерфакс

Оросын бүтээж буй нам тойрог замын холбооны хиймэл дагуулын сүлжээг гадаадын түншүүд ашиглавал тухайн орны хүчний байгууллагууд л хянана гэж “Роскосмос”-ын ерөнхий захирал Дмитрий Баканов Москва дахь гадаад орнуудын төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй уулзахдаа мэдэгдлээ.

“Бид өргөн зурвасын интернэтийн өөрсдийн нам тойрог замын сегментийг бүтээж, бүх оронд холбогдохыг санал болгож байна. Учир нь манай системийн үндсэн ялгаа нь та бүхний оронд зөвхөн танай хүчний байгууллагуудын хяналтад байх станц, сегмент байгуулснаар мэдээллийн бүрэн аюулгүй байдлыг хангадагт оршино” гэж тэрбээр хэлэв.

Орост нам тойрог замын өргөн зурвасын интернэтийн хиймэл дагуулын сүлжээг хувийн хэвшлийн “Бюро 1440” сансрын компани бүтээж байна. Хиймэл дагуулуудыг гуравдугаар сарын 23, долдугаар сарын 20-нд хоёр удаа багцаар нь хөөргөсөн бөгөөд одоо тойрог замд 30 хиймэл дагуул ажиллаж байна.

“Бюро 1440”-ийн хиймэл дагуулын систем сансрын үндэсний төсөлд багтана гэж Баканов 2025 оны тавдугаар сарын 20-нд мэдэгдсэн юм. Компанийн хиймэл дагуулын сүлжээ 2027 он гэхэд 292 хиймэл дагуултай болно гэж тус компанийн бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал Дмитрий Агафонов нэгдүгээр сарын 27-нд мэдээлж байсан.

Бакановын хэлснээр, “Роскосмос” гадаадын түншүүддээ үндэсний сансрын хөтөлбөрөө хөгжүүлэхэд нь туслахыг олон талт болон хоёр талт хэлбэрээр санал болгож байна.

“Бид олон талт болон хоёр талт хэлбэрээр ажиллаж байна. Түншүүддээ үндэсний хиймэл дагуулын холбоо, дэлхийг зайнаас тандан судлах систем, навигацын дэд бүтэц бий болгох, шинэчлэхийг санал болгож байна. Техник, хөдөлгүүр нийлүүлэх, геомэдээллийн үйлчилгээ, сансрын пуужингийн цогцолборын төслүүдийг хэлэлцэхэд бэлэн” гэж тэрбээр хэллээ.

Хориг арга хэмжээг үл харгалзан олон улсын хамтын ажиллагаа хөгжиж байгааг тэрбээр онцолсон байна. “Энэ бол хамтарсан төсөл, технологид хандах боломж, боловсон хүчин бэлтгэх, харилцан ашигтай байх явдал” гэж Баканов тэмдэглэжээ.

“Үе шаттайгаар технологи шилжүүлж, үйлдвэрлэлийг нутагшуулах нь тусдаа хэлбэр” гэж Баканов хэлээд, “Роскосмос” бэлэн бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна олон улсын түншүүдийнхээ үндэсний сансрын салбарын чадавхыг хөгжүүлэх сонирхолтой байгааг нэмж тэмдэглэв.

“Зөвхөн техник нийлүүлэх тухай яриа биш. Бид тухайн оронд мэргэшсэн, бэлэн сансрын агентлаг байгуулж өгөхөд бэлэн. Хэд хэдэн оронд ийм ажил хийсэн тул шинжээчийн болон арга зүйн туслалцаа үзүүлж чадна” гэж “Роскосмос”-ын тэргүүн хэлэв.

Бусад мэдээ