“Роскосмос” сарны атомын цахилгаан станцад зориулсан хүнд буух платформыг стандартчилж эхэлжээ
Сарны шөнө 14 хоног үргэлжилдэг бөгөөд тэр үед нарны зай үр ашиггүй болдог гэж корпорацийн тэргүүн тайлбарлажээ.

“Роскосмос” сарны атомын цахилгаан станц байгуулахын тулд бүрэлдэхүүн хэсгүүдийг угсарч, хүнд буух платформ, сарны явагч, цэнэглэх-түгээх станцыг стандартчилж эхэлснийг тус корпорацийн тэргүүн Дмитрий Баканов мэдэгджээ.
“Бид бүрэлдэхүүн хэсгүүдийг аль хэдийн угсарч, хүнд буух платформ, сарны явагч, цэнэглэх-түгээх станцыг стандартчилж байна” гэж Баканов Москвад гадаад орнуудын төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй уулзахдаа хэлэв.
Тэрбээр Курчатовын хүрээлэн, “Росатом”-той хамтран термоэмиссийн хувиргагчийн нөөц болон туршилтын баазыг загварчилж байгааг дурдлаа.
Сар руу экспедиц хийхэд цахилгаан станц барих шаардлагатайг Баканов тайлбарлав. “Сарны өдөр, шөнө тус бүр 14 хоног. Сүүдэрт байх үед нарны туяа хүрдэггүй, нарны зай үр ашиггүй болдог. Энэ асуудлыг яг атомын эрчим хүч л шийднэ” гэж тэрбээр онцлов.
“Роскосмос” өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 24-нд Лавочкины нэрэмжит шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгтгэлтэй 2036 он гэхэд Оросын сарны цахилгаан станц бүтээх гэрээ байгуулснаа мэдэгдсэн юм.
Цахилгаан станцын үндсэн үүрэг нь Оросын сарны хөтөлбөрийн хэрэглэгчид, түүнчлэн Олон улсын шинжлэх ухааны сарны станцын (МНЛС) дэд бүтэц, тэр дундаа гадаадын түншүүдийн байгууламжийг урт хугацаанд эрчим хүчээр хангах явдал байна гэж корпорацаас мэдэгджээ.
Нэгдүгээр сарын 27-нд Лавочкины нэрэмжит нэгтгэлийн ерөнхий захирал Василий Марфин саран дээр атомын цахилгаан станц байрлуулахад 2033-2035 онд гурван хөөргөлт хэрэгтэй гэж мэдэгдсэн. 2033 онд туршилтын сансрын хөлөг, 2034 онд дэд бүтцийн сансрын хөлөг, 2035 онд эрчим хүчний модулийг сар руу илгээх аж.
Орос, Хятад хамтран 2033-2035 оны заагт саран дээр цөмийн эрчим хүчний байгууламж хүргэж байрлуулахаар төлөвлөж байгааг тухайн үед “Роскосмос”-ыг удирдаж байсан Юрий Борисов 2024 оны гуравдугаар сарын 3-нд мэдэгдэж байсан.



