Росстатын алдагдсан мэдээлэл Украины дайнд амь үрэгдсэн оросуудын албан ёсны тоог илчилжээ
Албан ёсны тоо баримтаар дайн 2022 оноос хойш Орост нас баралтын дөрөв дэх түгээмэл шалтгаан болсон байна.

Оросын төрийн статистикийн газар Росстатаас алдагдсан мэдээллээр албан ёсны тоо баримтын дагуу Украины дайнд 450000 гаруй орос амь үрэгдсэн байна гэж Москоу Таймс сайт мэдээлжээ.
Ингэснээр дайн 2022 оноос хойш Орост нас баралтын дөрөв дэх түгээмэл шалтгаан болсон аж. Орос 2022 оны 9 дүгээр сараас хойш тулалдааны хохирлоо албан ёсоор зарлаагүй бөгөөд хараат бус тооцоог найдваргүй гэж үгүйсгэж ирсэн.
Беларусийн Кибер партизанууд болон Сайлент Кроу хакерын бүлгүүд 10 дугаар сарын 29, 11 дүгээр сарын 1-нд Росстат руу кибер халдлага үйлдэж, эдийн засаг, хүн ам зүй болон дайны хохирлын мэдээллийг хулгайлжээ. Хоёр бүлгийг Орост хэт даврагч байгууллага гэж хориглосон байдаг.
«Оросын хохирлын талаар энэ бол хамгийн чухал мэдээлэл алдагдал юм» гэж Германы Олон улсын болон аюулгүй байдлын асуудлын хүрээлэнгийн Орос, Евразийн хэлтсийн дарга Янис Клюге хэлжээ.
Энэ тоонд сураггүй алга болсон цэргүүд болон Оросын армид элсүүлсэн гэх 27 мянган гадаадын байлдагч ороогүй тул бодит тоо илүү өндөр байх магадлалтай. Москоу Таймс мэдээллийг бүрэн баталгаажуулж чадаагүй ч бусад тооцоотой нийцэж байгаа аж.
Нас баралтын 72 хувь нь Донецкийн өөрийгөө тунхагласан бүгд найрамдах улсад бүртгэгдсэн бөгөөд 10 сар үргэлжилсэн Бахмутын тулалдаанд 20 мянга гаруй оросын цэрэг амь үрэгджээ.
«Орос ийм хурдаар хүн амаа алдаж байгаа бол дайнд ялж байна гэж хэлж болохгүй» гэж Клюге онцолжээ. Тэрбээр энэ нь Оросын 80 сая хөдөлмөрийн насны хүн амын хагас орчим хувь болохыг дурдав.
Алдагдсан мэдээлэл Оросын үндэстний бүгд найрамдах улсууд дайчилгаа, цэрэгт элсүүлэлтээс илүү их хохирол амсаж байгааг харуулсан судалгааг баталж байна. Москва зэрэг томоохон хотуудад хохирлын хувь хүн амынхаа хэмжээнээс бага байна.


