Дэлхий

SCMP: Хятад, АНУ цэргийн хүчний хооронд осол гарахаас сэргийлэх хэлэлцээр боловсруулж байна

Эх сурвалжуудын хэлснээр АНУ-ын засаг захиргааны дотоод санал зөрөлдөөнөөс болж ажил удаан явагдаж байна.

Интерфакс2 мин унших

Зураг: Интерфакс

Хятад, АНУ хоёр улсын зэвсэгт хүчний хооронд гэнэтийн нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх хэлэлцээр боловсруулж байгааг South China Morning Post (SCMP) сонин эх сурвалжуудаас иш татан мэдээлжээ гэж Интерфакс агентлаг 11 дүгээр сарын 15-нд дамжуулав.

“Эх сурвалжуудын хэлснээр Шэньжэний дээд хэмжээний уулзалтын өмнө АНУ, Хятад хоёр цэргийнхнийхээ хооронд осол гарахаас сэргийлэх тохиролцоог зөвшилцөхийг оролдож байна. Гэвч Америкийн засаг захиргааны доторх санал зөрөлдөөнөөс болж үйл явц удаан урагшилж байна” гэж SCMP мэдээлжээ.

Энэ нь цэргийн хямралын үед болон түүнээс сэргийлэх зорилгоор хоёр орны харилцаа холбооны сувгийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг юм. SCMP-ийн мэдээлснээр Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн есдүгээр сард Вашингтонд айлчилсны дараа Хятадын эрх баригчид энэ тухай анх дурдсан байна. Энэ асуудлыг есдүгээр сард болсон Хятад, АНУ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ч хэлэлцсэн гэж эх сурвалжуудын нэг тодруулжээ.

Цагаан ордон, Пентагон, Төрийн департамент гарч болох санамж бичгийн агуулгын талаар өөр өөр байр суурьтай байгаа ч АНУ, Хятад санал зөрөлдөөнийг даван туулах оролдлогоо үргэлжлүүлж байгаа гэж сонины эх сурвалжууд хэлжээ.

Үүний зэрэгцээ сонины мэдээлснээр сүүлийн саруудад хоёр орны цэргийнхний харилцаа сайжирч буй шинж тэмдэг илэрсэн бололтой. 11 дүгээр сарын 2–3-нд Вашингтонд АНУ, Хятадын батлан хамгаалах салбарын төлөөлөгчид оролцсон Харилцаа холбоо ба хямралаас сэргийлэх ажлын хэсгийн уулзалт болжээ. Өнгөрсөн есдүгээр сард хоёр жилийн завсарлагааны дараа Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн байлдааны бүсийн командлалын командлагч генерал Ян Жибинь, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалын командлагч адмирал Сэмюэл Папаро нар командлагчдын түвшний хэлэлцээ хийсэн байна.

Гэсэн хэдий ч эх сурвалжуудын нэгний хэлснээр одоогоор “дээд удирдлагын түвшинд институцчилсэн хямралын менежментийн тогтолцоо” байхгүй хэвээр байгаа аж.

Бусад мэдээ