Солонгосын компаниуд Си И Эс үзэсгэлэнд үйлдвэрийн хиймэл оюуныг онцлохоор бэлтгэж байна
Самсунг, ЭлЖи, Хёндэ ирээдүйн үзэл баримтлалаас илүү арилжаанд гаргах тодорхой замтай технологиудаа харуулахыг зорьж байна.

Хэрэглээний электроникийн үзэсгэлэн гэдгээрээ алдартай Си И Эс үйлдвэрийн хиймэл оюун ухааны чухал тавцан болж, Солонгосын томоохон технологи, автомашины компаниуд хиймэл оюуны арилжааны үнэ цэнийг харуулахаар бэлтгэж байна. Энэ тухай Корея Таймс сонин мэдээлэв.
Самсунг Электроникс хиймэл оюуны хагас дамжуулагч, робот техникт төвлөрөх төлөвтэй бол ЭлЖи-гийн охин компаниуд хиймэл оюунтай гэр ахуйн бараа, батарейн технологио танилцуулахаар бэлтгэж байна. Хёндэ Мотор группийн Киа АНУ дахь Моушнл охин компаниараа дамжуулан бие даасан жолоодлогын дэвшлээ онцлохоор төлөвлөжээ.
Үзэсгэлэнг зохион байгуулагч Хэрэглээний технологийн холбооны мэдээлснээр, Самсунгийн хагас дамжуулагчийн салбар санах ойн бүтээгдэхүүнээрээ Си И Эс 2027-ийн инновацийн хэд хэдэн шагналыг аль хэдийн хүртжээ.
Самсунг Электроникс-ийн гүйцэтгэх тэргүүн Ли Жэ Ён саяхан компанийн Сөүл дэх судалгаа, хөгжүүлэлтийн төвд очиж, робот техникийн бизнесийг 3 орчим цаг судалсан гэнэ. Энэ нь Самсунг үзэсгэлэнд дараагийн үеийн роботуудынхаа чадварыг харуулах эсвэл робот техникийн бизнесийн нарийвчилсан төлөвлөгөөгөө танилцуулж магадгүй гэсэн таамаглал дагууллаа.
ЭлЖи Энержи Солюшн хуучин батарейг хиймэл оюунаар оношлох Ре Пульс системээрээ инновацийн шагнал хүртжээ. Энэ систем оношлогооны хугацааг 7 гаруй цагаас 10 минут хүрэхгүй болгож богиносгодог юм. Мөн батарейг дахин ашиглах эсвэл дахин боловсруулахад тохирох эсэхийг элемент бүрээр нь үнэлдэг байна.
Си И Эс 2026-д Атлас хүн дүрст роботоороо олны анхаарал татсан Хёндэ Мотор групп дараа оны үзэсгэлэнд Киагаар дамжуулан бие даасан жолоодлогод анхаарлаа хандуулах юм. Тус групп Лас Вегаст аюулгүй байдлын жолоочтой Айоник 5 робот такси ажиллуулж байгаа бөгөөд энэ оны эцэс гэхэд бүрэн жолоочгүй болгохоор төлөвлөжээ.
Бие даасан жолоодлогоор Тесла зэрэг тэргүүлэгчдээс хоцорч байна гэсэн шүүмжлэл Хёндэ Мотор группт нэмэгдэж байгаа юм.



