Тайланд хаант засгийн тухай эрдэм шинжилгээний номыг үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр хоригложээ
Номыг Японд цөллөгт амьдардаг, хаант засгийг шүүмжлэгч эрдэмтэн Павин Чачавалпонгпун эмхэтгэсэн юм.

Тайландын цагдаагийн ерөнхий газар 8 дугаар сард англи хэлээр хэвлэгдсэн орчин үеийн Тайландын тухай гарын авлагын хоёр дахь хэвлэлийг хоригложээ гэж Бангкок Пост сонин мэдээлжээ.
Номд 21 дүгээр зууны Тайландын хаант засаг болон хааныг доромжлохыг хориглосон Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийг засгийн газар хэрхэн ашиглаж буй тухай бүлгүүд багтжээ.
Цагдаагийн ерөнхий газрын дарга Самран Нуалмагийн гарын үсэгтэй тушаалд ном үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, үймээн үүсгэж болзошгүй нийтлэл агуулсан гэжээ. Номыг импортлох, тараах этгээд гурван жил хүртэл хорих, 60 мянган бат хүртэл торгууль хүлээж болно.
«Сошиал медиа, интернетийн эрин үед ийм хориг үр дүнгүй» гэж Павин бичжээ. Тэрбээр номыг сурталчлахад тусалсанд Тайландын хааны цагдаад талархаж байгаагаа ёжтой илэрхийлсэн байна.
Павины хаан Вачиралонгкорны тухай өөр нэг ном 2023 онд мөн адил хоригдож байжээ.
55 настай Павин 2014 оны цэргийн эргэлтийн дараа хунтагийн дуудлагаас татгалзсанаар баривчлах тушаал гарч, паспорт нь хүчингүй болсон бөгөөд түүнээс хойш Японы Киото хотод цөллөгт амьдарч байна. Хааныг доромжилсон хэргээр 3-15 жил хорих ял оноож болдог.



