Дэлхий

Тайландад хаант засгийг шүүмжилсэн хуульч Арнон Нампагийн нийт ял 34 жилээс давжээ

2020 оны оюутны жагсаалаас хойш Тайландад хааныг доромжлохын эсрэг хуулийг түүхэнд урьд өмнө байгаагүй өргөн хэрэглэж байна.

BBC News2 мин унших

Зураг: BBC News

Бангкокийн шүүх баасан гарагт хүний эрхийн 42 настай хуульч Арнон Нампад хааныг доромжлохын эсрэг хууль буюу эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийг зөрчсөн хэргээр хоёр жил найман сарын хорих ял оноожээ. Энэ тухай Би Би Си мэдээлэв.

Арнон 2020 онд Бангкокийн төвд болсон Харри Поттерын сэдэвт жагсаал дээр шидтэний хувцас өмсөн, Тайландын хаант засгийг олны хяналтад авч, хариуцлага тооцохыг уриалсан юм.

Энэ бол түүний эсрэг мөн зүйл ангиар үүсгэсэн 14 хэргийн нэг бөгөөд одоогоор түүний авсан нийт ял 34 жилээс давжээ. Өөр хоёр хэргийн шийдвэр хараахан гараагүй байна.

“Миний хувьд энэ гэнэтийн зүйл биш. Хэрэв улс илүү нээлттэй байсан бол бид эдгээр асуудлыг чөлөөтэй ярих боломжтой байх байсан” гэж Арнон сэтгүүлчдэд хэлжээ.

2020 онд хаант засгийн үүргийн талаар анх удаа олон нийтийн хэлэлцүүлэг шаардсан оюутны жагсаал өрнөснөөс хойш Тайландын түүхэнд энэ хуулийг хамгийн өргөн хэрэглэж байна. 18 хүрээгүй 20 хүн зэрэг хоёр зуун ерэн дөрвөн хүнийг яллаж, 50 жил хүртэлх хорих ял оноосон бөгөөд олон арван хүний хэрэг шүүхээр хэлэлцэгдэж байна.

Хуулийн 112 дугаар зүйлд хаан, хатан, хаан ширээг залгамжлагч болон хаан ширээг түр залгамжлагчийг гүтгэсэн, доромжилсон, сүрдүүлсэн хүнийг гурваас 15 жил хүртэл хорино гэж заасан ч бодит байдал дээр хаант засгийн талаарх аливаа сөрөг үгийг хамруулан өргөн тайлбарладаг. Яллагдсан хүмүүсийн ихэнхийг батлан даалтад гаргахгүйгээр олон жил хорьдог аж.

Арнон Бангкокийн цагдан хорих төвд сүүлийн гурван жил хоригдож байна. Тайландын хаант засгийн шинэчлэлийн төлөөх хэд хэдэн залуу идэвхтэн шоронд орохоос сэргийлэн цөллөгт гарсан бөгөөд шинэчлэгч Урагшаа нам ялыг зөөлрүүлэхийг санал болгосныхоо төлөө 2024 онд татан буугджээ.

Бусад мэдээ