Ташкентад халаалтын улирлыг 11 дүгээр сарын 11-нээс эхлүүлэх хэрэгтэй гэж цаг уурч зөвлөжээ
Ингэвэл сүүлийн 10 жилийн хамгийн хожуу эхэлсэн халаалтын улирал болох юм.

Ташкент хотын орон сууц, нийгмийн байгууламжид төвлөрсөн халаалтыг 11 дүгээр сарын 11-нээс эхлүүлэх шаардлагатай гэж Гидрометеорологийн шинжлэх ухааны судалгааны хүрээлэнгийн лабораторийн эрхлэгч, цаг уурч Эркин Абдулахатов үзэж байгааг Газета.уз сайт мэдээлжээ.
Түүний тооцоогоор 11 дүгээр сарын 11-15-нд Узбекистанд хүйтэн агаарын масс нөлөөлж, агаарын температур мэдэгдэхүйц буурна. Тэрбээр халаалтын улирал эхлүүлэх одоогийн журам орчин үеийн уур амьсгалын онцлогийг бүрэн тусгадаггүй гэдгийг дахин онцолжээ.
Цаг уурчийн хэлснээр 2026 оны 10 дугаар сар ерөнхийдөө дулаан байсан бөгөөд Ташкентад агаарын хамгийн бага температур нэг ч удаа дулааны 4 хэм хүртэл буугаагүй байна.
Сүүлийн 10 жилийн 6-д нь нийслэлд халаалтыг 10 дугаар сард эхлүүлж байжээ. Тухайлбал 2018, 2021 онд 10 дугаар сарын 12, 13-нд эхэлсэн бол хамгийн хожуу нь 2017-2018 оны улирал байж, 11 дүгээр сарын 10-нд эхэлжээ.
Узгидрометын таамгаар 11 дүгээр сарын 9-10-нд баруун хойд зүгээс хүйтэн агаар орж ирнэ. 11-ний гэхэд нийслэлд шөнийн температур дулааны 1-3 хэм хүртэл буурч болзошгүй.



