Трамп газрын тос, байгалийн хийн олборлолтын метан ялгаруулах шаардлагыг зөөлрүүлэхээр төлөвлөж байна
Энэ өөрчлөлт дотоодын олборлолтыг нэмэгдүүлж, салбарын зардлыг бууруулна гэж засаг захиргаа үзэж байгаа бол байгаль орчны байгууллагууд дэлхийн дулаарлыг хурдасгана гэж анхааруулж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дотоодын эрчим хүчний олборлолтыг дэмжиж, салбарын зардлыг бууруулах зорилгоор газрын тос, байгалийн хийн олборлолтын метан ялгаруулах холбооны шаардлагыг зөөлрүүлэх төлөвлөгөө танилцуулахаар зэхэж байгааг Блүүмберг агентлаг засаг захиргааны төлөөлөгчөөс иш татан мэдээлсэн гэж Интерфакс агентлаг бичжээ. Трамп нормативыг шинэчлэх саналаа мягмар гарагт Техас мужийн Лаббок хотод болох завсрын сонгуулийн цуглаан дээр зарлах төлөвтэй байна.
Техас бол АНУ-ын газрын тос олборлодог тэргүүлэх муж бөгөөд газрын тосны салбар хамгийн хүчтэй хүлэмжийн хий болох метаны ялгарлыг хязгаарлах зарим шаардлагыг зөөлрүүлэхийн төлөө Цагаан ордонд лобби хийж ирсэн. Блүүмберг агентлагийн тодруулснаар, Трамп Орос, Украины мөргөлдөөн, АНУ-ын Ираны эсрэг дайнаас үүдсэн газрын тос, бензин, дизель түлшний үнийн өсөлтөд сонгогчдын санаа зовнилыг арилгахыг зорьж байна.
АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг Ерөнхийлөгч асан Жо Байдены засаг захиргааны үед баталсан, алдагдалтай тоног төхөөрөмжийг солих, худаг болон бусад байгууламжид хий алдагдлын тогтмол шалгалт хийх шаардлагыг эргэн харахаар төлөвлөжээ. Тухайлбал, өдөрт газрын тосны 15-аас ихгүй баррельтай тэнцэх бүтээгдэхүүн олборлодог бага бүтээмжтэй худгуудад нэмэлт хөнгөлөлт үзүүлэхийг санал болгож байна. Агентлагийн дарга Ли Зелдины хэлснээр, энэ арга хэмжээ олборлолтыг хязгаарлаж буй шаардлагагүй ачааллыг арилгаж, америкчуудын гэрээ халаах, автомашин унах зардлыг бууруулна.
Блүүмберг агентлагийн мэдээлснээр, АНУ дахь 1 сая орчим газрын тос, байгалийн хийн худгийн 79 орчим хувь нь бага бүтээмжтэй ангилалд багтдаг. Харин агентлагийн хуучин ажилтнууд болон байгаль орчны байгууллагууд ийм байгууламжууд метаны ялгарлын томоохон эх үүсвэр хэвээр байж болох бөгөөд холбооны шаардлагаас ухрах нь дэлхийн дулаарлыг хурдасгаж, байгаль орчинд улам их дарамт учруулна гэж анхааруулжээ.
Метан нь байгалийн хийн гол бүрэлдэхүүн тул эрчим хүчний үнэ цэнэтэй эх үүсвэр юм. Агаар мандалд ялгарснаас хойшхи эхний 20 жилд метан нүүрсхүчлийн хийтэй харьцуулахад дэлхийн дулаарлыг 80 орчим дахин илүү нөлөөлдөг бөгөөд агаар мандал дахь түүний агууламж үйлдвэржилтийн өмнөх үеэс хоёр дахин илүү нэмэгджээ.
Ерөнхийлөгчийн төлөвлөгөөнд төрөөс зөвшөөрсөн гуравдагч байгууллагууд метаны их хэмжээний ялгарлыг илрүүлж мэдээлдэг Метаны их ялгаруулагч хөтөлбөрийг цуцлах асуудал ч багтжээ. Агентлаг энэ хөтөлбөрийг өнгөрсөн жил түр зогсоосон бөгөөд одоо цуцлах үндэслэлээ гаргахаар зэхэж байна. Мөн засаг захиргаа газрын тосны худаг дээр дагалдах хийг тогтмол шатаахаас үе шаттайгаар татгалзах шаардлагыг зөөлрүүлэхийг санал болгоно.
Агентлагийн тооцоогоор Байдены үед баталсан арга хэмжээ нийлээд 2024-2038 онд 58 сая тонн орчим ялгарлаас сэргийлж, уур амьсгал, озоны давхаргад 98 тэрбум ам.долларын цэвэр ашиг авчрах байжээ. Одоо ялгарлыг бууруулах гол арга болгож дагалдах хийг 95 хувьд шатаахаар тогтоох төлөвтэй. Агентлагийн тооцоогоор санал болгож буй өөрчлөлт байгаль орчны шаардлагын зардлыг бууруулснаар ойролцоогоор 45 тэрбум ам.доллар хэмнэж, 2027-2050 онд АНУ-ын олборлолтыг 210 сая баррель газрын тос, 1.41 их наяд куб фут байгалийн хийгээр нэмэгдүүлнэ.


